| Мэдээлэл нэмсэн: 2009-12-07 |
Соёлсүрэн овогтой Уранбилэг миний бие нь 1957,03,15 өдөр Улаанбаатар хотын 1-р төрөх газар төрсөн. 1-р төрөхийн дэргэдүүр өнгөрөх болгондоо: Энд миний унасан газар угаасан ус минь байдаг юм шүү дээ гэж бодоход өөрийн эрхгүй нялхарч, хааяа нэг хаалгаар нь орж, коридорын хананд өлгөөтэй самбаруудыг жаал харсан шиг зогсож байгаад гарахад, дотор минь уужирч нэг л сайхан болоод "Миний эх орон эндээс л эхэлдэг юм" гэж бодогддог.
Ээж минь намайг төрүүлэхдээ охин байсанд маш их баярлан, миний ууган охин ээждээ түшиг болж, олон дүү нараа өсгөлцөх байх гэж бэлэгшээн баярласан гэдэг. Нээрээ ч тэр ерөөлөөр 6 эрэгтэй,2 эмэгтэй дүүгээ өсгөлцсөн дөө.
Аав минь малын их эмч бөгөөд, ээж маань хүний их эмч учир бид бүгд сэхээтний гэр бүлд төрсөндөө өөрсдийгөө азтайд тооцдог. Тиимдээ ч манайхан бүгдээрээ тодорхой мэргэжил эзэмшин, тус бүрдээ ажил хөдөлмр эрхлэн амжилттай ажиллацгааж байгаа нь эцэг, эх багш нарын маань хүмүүжлийн ач буян юм.
Анх ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон тэр налгар өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын сургуулийн модон хашааны банзан дээр нэг бүрчлэн 1-100 хүртэл шохойгоор бичиж байтал манай ангийн багш Очирбат намайг дуудахад нь бм загнах болов уу? Гэж айсаар ойртон очиход, миний бяцхан гарыг атгаад ямар мундаг тоо мэддэг охин бэ? Ийм хөөрхөн гараар хамаагүй эрээчиж болохгүй,самбарын алчуур норгоод арччих, дараа самбар дээр бичиж байгаарай гэхэд нь хөөрч, "Би 100-гийн дотор тоо бодож чадна" гэж гайхуулж байсан минь миний сэтгэлд одоо болтол хоногшин үлдсэн юм.
Би тэр л урмаараа сурч, хүмүүжсээр 1975 онд Дорнод аймгийн Баян-ул сумын 10 жилийн 10-р ангийг төгссөн. Манай ангийг саяхан сургуулиа төгсөж ирсэн "залуухан,хөөрхөн ааштай" Цэцгээ гэдэг математикийн багш дааж төгсгөсөн юм. Сургуулиа төгсөөд барилга архитектурын ангид конкурс өгнө гэхэд минь аав ээж 2 маань зураг зурж чадахгүй байж гээд зөвшөөрөхгүй байхаар нь ййв ээж хоёрынхоо хамт авахуулсан зургийг дууриалган зурж үзүүлсэн чинь их адилхан болсон байна гээд зөвшөөрсөн юм. Гэвч аз дутаж тэнцээгүйдээ их харамссан. Улмаар техник хөдөлмөрийн багшийн мэргэжил эзэмшин, Дорнод аймгийн Чойбалсан сумын сургуульд хуваарилагдан, 4-р ангийг хүлээж аван, ажил амьдралынхаа анхны гарааг эхэлж байсан. 20-хон настайдаа өндөр хариуцлага, хүлээн авч, ардын багш гэдэг эрхэм алдрыг өвөрлөн, хийж бүтээхийн оргилуун сэтгэл дүүрэн байж билээ. Мөн анхны хичээлээ 8-р ангид шугам зургийн хичээл заахаар орж билээ. Сурагчид нь надаас том том биетэй ах эгч нар сууж байгаа юм шиг харагдаж, хамаг бие чичирсэн ч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн байж арай гэж хичээлээ зааж дуусгаж байснаас хойш улсад 10 гаруй жил багшилсан байна.Мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр,Цагаан-Овоо,аймгийн 1-р сургууль, Улаанбаатар хотын 31-р сургуульд багшаар ажиллаж байсан.
Багшилж байсан үеэ эргэн дурсахад мартагдахгүй дурсамжууд их байсан. 1977 онд даан авсан 4-р анги маань урлагийн үзлэгт орох боллоо. Ангийнхаа 10 гаруй охидод цэнхэр даалимбаар юбка, желетка, мөн хөвгүүддээ хар даалимбаар брюк хийн, шөнөжин нойргүй хонож билээ. Тэгээд бид 3-р байранд орж бөөн баяр хөөр болж байж билээ. Амжилт гаргасандаа урамшсан хүүхдүүдийн царай ямар хөөрхөн гээч. Цагаан-Овоо сумын 1983 оны 6-р ангийн сурагчид "хамгийн,хамгийн" хүүхдүүд байсан шүү. Сургуулийн захиргаанаас зохиогдсон соёл хүмүүжлийн бүхий л арга хэмжээний бүхий л шагнал урамшууллыг ёстой түүдэг байсан даа. Тэдэнтэйгээ хавар "Хөдөлмөр" зусланд гарч хонь хяргадаг байснаа эргэн дурсахад сайхан байна. Ар гэрийн байдлаас шалтгаалж, багшийн ажлыг орхин, Дорнод аймгийн орон нутгийг судлах музейн тайлбарлагчаар ажилласан. Энэ ажлаараа би маш их бахархадаг. Учир нь гадаад дотоодоос ирсэн зочид төлөөлөгчид, энгэрээрээ дүүрэн одон медальтай азай буурлууд, соёл урлагийн алдартнууд, сониуч бяцхан хүүхдүүдийг хошуучлан өөрийн орон нутгийн эд өлгийн түүхээс эхлэн угсаатны зүй, соёл иргэншил гээд л бүгдийг нь заан, тайлбарлаж явж байхдаа өөрөөрөө бахархадаг байлаа. Намайг энэ ажлыг хийж байх үед монгол хүн анх сансарт нисч, Ж.Гүррагчаагийн нэр алдар дэлхийн тавцанд дуурсагдаж байсан он жилүүд байлаа. Манай музейд сансарын нислэгийн холбогдолтой тэмдэг, зүүлт, үзэг, зангиа, марк, конверт, малгай, дарцаг гээд л бүгд үзмэр болон тавигдаж байсан.
1984 онд эх орноо батлан хамгаалах их үйлсэд өөрийн биеэр хүчин зүтгэхээр зориг эрмэлзэл дүүрэн олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн, АА-ийн 030-р ангид ахлагч цолтой киномеханикчаар ажиллах болсон минь гайхалтай. Тэр үед кино гаргадаг аппарат нь өөр, киноныхоо плёнкийг дамарт гараар эргүүлдэг байсан юм./Говийн зэрэглээ гэдэг кинон дээр гардаг шиг/ Цэргийн хүн байхын гайхамшгийг үгээр зүйрлэн хэлэхийн аргагүй. Жинхэнэ бахадмаар, бахархмаар. Дуут жагсаал, оройн тоо, явган марш, хээрийн сургууль... энэ бүгдийг өөрийн биеэр гүйцэтгэхэд төрөл арилжсан мэт сэтгэгдэл төрнө.Би гутлаа гялалзтал тослоод хувцсаа маш гоё өмсөхийг хичээдэг байсан. Угаасаа эмэгтэй хүнд цэргийн хувцас их гоё зохиюог ш дээ. Өглөөний цэнгээг агаар амьсгалан, цементэн талбайд бие бүрэлдэхүүнтэйгээ мөр зэрэгцэн хөл тавих мөн ч урамтай даа.
1994 онд Улаанбаатар хотод шилжин ирж, "Билиг" ххк-д гаалийн баталгаат агуулахын няраваар ажиллаж байгаад, 2001 онд "Сурагч" гэдэг хүүхдийн сонины газар байгуулагдахад менежереер ажилд орон, одоог хүртэл амжилттай ажиллаж байна. БЗД-ийн 20 гаруй улсын болон хувийн сургуулийн багш, сурагчидтай харилцаж, сонины захиалгаа хариуцан ажилладаг.Манай сонины сугалааны анхны азтан нь миний хариуцан ажилладаг 53-р сургуулийн 3-р ангийн сурагч Чанцалдулам гэдэг охин тодорч автомашин хожиж байсан нь одоог хүртэл санаанаас гардаггүй юмаа.Мөн 33, 68-р сургуулиулийн сурагчид өнгөт зурагт хожиж байлаа. Түүнээс гадна "Сурагч" сонины газраас улсын хэмжээнд бүх уншигчидынхаа дунд зарласан "Тэргүүний анги" шалгаруулах уралдаанд 87-р сургуулийн техник хөдөлмөрийн багш Н.Оюунбилэг багштай анги хамт олон шалгарч байлаа.
Энэ хугацаанд миний бие байгууллагынхаа "Хамгийн эмх цэгцтэй менежер" ,"Оны шилдэг менежер" зэргээр шалгарч, МоСХ-ны "Сонин хэвлэлийн тэргүүний ажилтан" цол тэмдэг,МЗХ-ын "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол тэмдэгээр шагнагдаж байлаа. 2009 онд АН-ын их хуралд оролцож, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Эрх чөлөө"-ний одонгоор шагнагдсан.
"Сурагч" сонинг анх үүссэн цагаас эхлэн одоог хүртэл тасралтгүй бидэнтэй хамтран ажиллаж байгаа олон олон багш, сурагчиддаа талархахгүй байхын аргагүй. Намайг яваад ороход халуун дотноор инээмсэглэн угтдаг,манай сонинг захиалан, амтархан уншдаг бүх багш, сурагчид, эцэг эхчүүддээ гүнээ талархъя.Цаашид удаан жилийн зузаан нөхөрлөлтэй байхын ерөөлийг дэвшүүлье.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


