| Мэдээлэл нэмсэн: 2010-01-17 |
Бөөр нь хэвлийн хөндийд, цээжний арванхоёрдугаар, бүсэлхийн гуравдугаар нугаламуудын хооронд хооронд байрладаг 10-12 см урттай, 4-5 см өргөн, хүний биеийн жингийн 0,5 хувийг эзлэх 150 гр орчим жинтэй хос эрхтэн юм.
Маш ховор тохиолдолд төрөлхийн эмгэг, ганц бөөртэй хүн оношлогддог. Бөөр нь гадуураа бүрхүүл хальсаар хучигдсан, холтослог ба тархилаг давхраа бүхий цуллаг эрхтэн бөгөөд, гол судаснаас (aorta ) салаалсан бөөрний тараагуур судсаараа (renal artery) цусаар хангагддаг, бусад эрхтэнгүүдээс хорь дахин илүү цусан хангамжтай эрхтэн гэдэг. Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон юм. Бөөр тус бүр 1,2 сая орчим нефроныг агуулдаг аж.
Бөөр таны бие махбодид ямар үүргүүдийг гүйцэтгэх вэ?
Шээс үүсгэх.
2. Дотоод шүүрлийн үйл ажиллагаанд оролцдог. Тухайлбал бөөрнөөс ялгардаг эритропоиэтин даавар нь ясны чөмөгнөөс цусны улаан эсийг чөлөөлж, цусны эргэлтэнд оруулснаар биед хүчилтөрөгч сайн зөөвөрлөгдөх ач холбогдолтой.
3. Цусны даралтыг зохицуулдаг. Бөөрнөөс судас нарийсгах үйлчилгээтэй ренин, ангиотензин-"2" болон, судас өргөсгөдөг кинин, калликреин зэрэг биологийн идэвхт бодис дааврууд, простагландинууд ялгарч цусанд ордог. Хэвийн үед бөөр эдгээр бодисыг тэнцүү хэмжээгээр ялгаруулдаг тул, бөөр эрүүл хүнд даралт ихсэх зовиур илэрдэггүй.
4. Ус давсны солилцоонд оролцдог. Бөөрний үйл ажиллагаа хямарч муудаснаас болж, биед усны тэнцвэр алдагдах нь биеийг маш хүнд байдалд хүргэдэг.
5. Эрдэс бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Бие махбодийн үйл ажиллагаанд онцгой шаардлагатай кальци. фосфорын зохистой хэмжээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
6. Уургийн солилцоонд оролцоно. Бөөрнөөс ялгардаг лизосом ферментийн нөлөөгөөр уургийн молекулууд аминхүчлүүд болон задарч, бөөрний бүтэц үйл ажиллагааны чухал нэгж болох тахир сувганцарын ханаар нэвчин цус руу зөөвөрлөгдөнө.
7. Бөөр нь бие махбодийн хүчил-суурийн тэнцвэрийн зохицуулганд оролцоно. Бодисын солилцооны үр дүнд биед үүссэн органик ба органик биш илүүдэл хүчлүүдийг биеэс гадагшлуулах замаар уг зохицуулганд оролцдог аж.
8. Бидний ууж хэрэглэсэн эмийн бодис, чихрийн илүүдэлийг биеэс гадагшлуулдаг.
Дорнын анагаах ухааны ном зохиолд
Бөөр нь биеийн тулгуур багана эрхтэн, биед тамирыг үүсгэн үйлддэг. Өөхөөр хучигдсан чих мэт хэлбэртэй, хар хүрэн өнгөтэй цул эрхтэн. Бөөр усан махбодьтой, сэрүүн хүйтэн нь бөөрийг өвчлүүлэх шалтгаан болох ба, өвчин нь хүйтэн чанартай, хэмээн дурьдсан байдаг. Бөөр хийн оронд оршмой. Бөөрний харъяат сав эрхтэн нь давсаг, цэцэг эрхтэн нь чих гэсэн нь бөөр чих хоёр харилцан холбоотой болохыг хэлсэн ажгуу. Тэгвэл анагаах ухаан Алпортын хам шинж хэмээх бөөрний эмгэгийг нээсэн нь дорнын анагаах ухааны онолын сургаалыг, шинжлэх ухааны судалгаагаар батлан нотолж буйн хэрэг ээ. Тэгүүнчлэн бөөр зүрх хоёрын зүрх нь, анагаагдахдаа илүү хэмээн Хөвсгөл аймгийн их эмч жорвон Дармаа агсаны гар бичмэлд бичигдэн үлдсэн нь эмч болоод, хэн бүхэнд бодууштай чухал мөрдлөг мэт санагднам. Монголын номч аугаа их өвөг дээдэсийн билэг билэгийн дээд эрдэм ухааныг гайхан биширмүй. Сожид нямын жилхор, Монголоор анагаан үйлдэгч наран мандалын найралт, Халмын сэртан, бөөрний алтан тан зэрэг олон алдартай эм тангийн найралт нь бөөрний өвчин эмгэгийг сайтар анагаан илааршуулж байгаа үр дүнг, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ батлан харуулж буйд жирийн эмч би бишрэн талархдаг.
Бөөрний өвчнүүдийн үед гарах ерөнхий шинж тэмдгүүд
- Халуурах
- Өвдөлт. Бөөрний харалдаа ар нуруу руу болон баруун зүүн таллан өвдөх буюу хэвлий рүү өвдөлт дамжих
- Олон удаа, ойр ойрхон багаар шээх
- Гэнэт шээс хүрэх
- Шээс улайх, үнэртэй болох нь бөөрний хурц үрэвслийн үед ихэвчлэн тохиолддог.
Бөөрний архаг өвчнүүдийн үед
- даралт ихсэх
- амархан ядрах
- бие сульдах
- бага зэрэг халуурах
- дотор муухайрах,
- бөөлжис хүрэх
- хавагнах
- шөнө шээх
- толгой өвдөх
- толгой эргэх
- цус багадах
- арьс загатнах
- хараа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Бөөрний хурц, архаг аль ч хэлбэрийн өвчлөлийн үед
- шээсний хэмжээ ихсэх
- шээсний хувийн жин багасах
- шээсээр уураг, нян гарах
Бөөрний үйл ажиллагаа хямарч өвчлөх нь өвлийн улиралд ихэсдэг.
Хэрвээ таны биед дээрхи шинж тэмдгүүдээс илэрвэл эмчид үзүүлж, оношлуулж эмчлүүлэх туйлын чухал. Энх тунх жаргалтай амьдарлын алтан түлхүүр эрүүл мэнд тань, хүмүүн таны билэг оюун лугаа хүйн холбоотой...
Бөөрний өвчин үүсгэх шалтгаанууд
- Хувийн болон бэлгийн ариун цэвэр муу сахиснаас шээс бэлгийн замаар халдвар авах
- Шээсээ удаан хугацаагаар барих
- Бөөр, шээсний замд саад үүсэх
- Бөөр, шээс ялгаруулах замд чулуу байх
- гажиг хөгжил
- Гэмтэх бэртэх
- Химийн бодисоор хордох, хүнд металлын давсууд гэх мэт
- Эмийн бодисыг удаан хугацаагаар замбараагүй хэрэглэх, антибиотек, өвчин намдаагч эмнүүд, тухайлбал аспирин, адвил
- эмийн бодисиос харших
- гэдэсний үрэвсэл- колит
- мухар олгойн үрэвсэл
- түрүү булчирхайн үрэвсэл,
- хоолойны өвчин-ангина
- өндгөвчний үрэвсэл
Бөөрний архаг үрэвслийн 80% хувьд, хоёр бөөр үрэвсэнэ.
Бөөрөнд сайн хүнсний бүтээгдхүүнүүд
Байцаа, дуяа- celery, лууны сахал-asparagus, шийгуа, өргөст хэмх, алим, гадил, нэрс, анис, анисны шүүс, таван салааны ундаа, сармис, лууван зэрэг жимс хүнсний ногоонууд бөөрөнд хамгийн тустай хүнс юм. Амьтны гаралтай уураглаг хүнсийг багасгах шаардлагатай. Шар буурцаг-soybeans, ногоон вандуй, бөөрөн шошнууд-kidney beans, хавтгай шош-lentels, шар будаа- millet зэрэг ургамлын гаралтай уураг элбэг хэрэглэх нь зүйтэй. Ямааны сүү мах зохимжтой.
Хориглох хүнсний зүйлс
Хонь үхэр адууны мах, чихэр, чихэрлэг зүйлс, имфортоор ирдэг бяслаг, шокалад, кофе, лаазалсан загасны мах болон бусад бүтээгдхүүнүүд, давс, архи дарс.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


