| Мэдээлэл нэмсэн: 2010-04-10 |
Өсвөр нас ба ӨӨРЧЛӨЛТ
Энэ үед сэтгэл санаа маш тогтворгүй байдаг
Өсвөр насанд бие махбодийн нэг адилаар мэдрэмж амархан өөрчлөгддөг. Аливаа зүйлийг илүү гүнзгий мэдэрч, илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй болдог. Жишээлбэл: Нэг өдөр маш баяртай аз жаргалтай байлаа гэхэд маргааш нь нэг л хачин учир нь ойлгогдохгүй ядаргаатай болох нь бий.
Бие махбодь маш хурдацтайгаар өөрчлөгдсөнөөр үс, биеийн галбир, арьс гээд бүхий л зүйл нь өөр болчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг. Бүр өөрийгөө хүртэл ойлгохоо больдог. Энэ үед өөрийгөө хэт анхаарч, дутагдлаа хүндээр тусгаж, өөрийгөө голж, ялихгүй юманд санаа зовж эхэлдэг. Тийм болохоор өөрийгөө ойлгоход болон бусдыг ойлгоход хэцүү болно.
Найз нөхдийн харилцаа
Өсвөр насанд харилцаа илүү идэвхждэг бөгөөд найз нөхөд чухал байдаг. Энэ үед өсвөр насныханд гэр бүлийнхнээсээ илүүтэйгээр найз нөхөд нь тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аливаа шинэ содон зүйлийг ихэд сонирхдог бөгөөд бие биенээ даган дууриах нь элбэг байдаг. Өөрөөр хэлвэл бие биендээ уруу татагдах ба үйл хөдлөл, үзэл бодол, сонирхол нь хүртэл бие биеэ даган дуурайсан байдаг. Тиймээс энэ үед найзаа зөв сонгох хэрэгтэй.
Өсвөр насанд гэр бүлийн харилцаа илүү төвөгтэй болно
Гэр бүлийхэнтэйгээ харилцах харилцаанд онцгой өөрчлөлтүүд гардаг. Зарим нэг зүйлээ эцэг эх, ах эгчтэйгээ ярилцахыг хүсдэггүй. Энэ нь тэд өөрсдийн биеэ даасан байдлыг бий болгох гэж хичээж байгаатай холбоотой. Харин эцэг эхчүүд үүнийг ойлгохгүй, мөн өсвөр үеийнхэн маань ч үүнийг нь эмзгээр хүлээн авч, зөрүүдэлж уцаарласнаар зөрчил гарч эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдээ үргэлж өөрсдийн хамгаалал дор байлгахыг хүсдэг учраас зарим нэгэн асуудлыг тайлбарлаж, ярилцах нь зүйтэй.
Бэлгийн амьдралын талаар эцэг эхтэйгээ чөлөөтэй ярилцах нь чухал
Зарим эцэг эхийн хувьд хүүхэд нь бэлгийн мэдрэмжийн хувьд өсч том болж байгааг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Өөрийнх нь өсвөр насанд юу ч тохиолдож байсан бай тэд өөрийнх нь хүүхэд энэ үе дээр ирэхэд шал өөрөөр хүлээн авдаг.
Зарим өсвөр үеийнхний хувьд эцэг эхчүүд нь аливаа нөхцөл байдлыг бүрэн секстэй холбох, эсвэл аюултай гэж үзэх, энэ тухай ярихад сэдвийг өөрчилдөг. Хүүхдүүд бие даан гадагшаа гардаг болж эхлэхэд нь эцэг эхчүүд санаа зовж эхэлдэг. Сэтгэлд зовж байгаа зүйлийг нь илэн далангүй ярилцаж, тэднийг та нарын төлөө санаа зовинож байгаа гэж бодон харилцах нь харилцааг нээлттэй болгох болно. Ямар ч тайлбар хийхгүй бол эцэг эхчүүд улам шалгааж эхэлдэг, тиймээс тэдний итгэлийг олж, даах хэрэгтэй. Сексийн талаар тэдэнтэй ярилцаж ойлголцож чадвал чи тэднээс амьдралын маш том зөвлөгөө аваад зогсохгүй ирээдүйд гаргаж болзошгүй алдаанаасаа сэргийлж чадна.
Бэлгийн мэдрэмж, бодол санаа
Бэлгийн мэдрэмж хүчтэй байх үед өөр юуны ч тухай бодох сэхээгүй болдог. Энэхүү мэдрэмж нь хэн нэгэнд чиглэсэн байх ёстой атал хэн ч байхгүй байх нь элбэг. Өсвөр үеийнхний хувьд багшдаа эсвэл телевизийн одод, үнэн хэрэгтээ харилцаа тогтоох боломжгүй хэн нэгэнд үхэн хатан дурласан байдаг. Гэхдээ эдгээр мэдрэмжүүд нь өсвөр насныхныг бэлгийн харилцаанд бэлэн болсныг харуулж байгаа гэсэн үг биш.
/9915-..../ Цагаан юм их хэмжээгээр гарах үед бэлгийн ариун цэврээ хэрхэн анхаарах вэ?
Эмч: -Өдөрт нэг удаа саван хэрэглэлгүйгээр бэлэг эрхтний гадна хэсгийг угааж, дотуур хувцсаа солих хэрэгтэй. Цагаан юм их хэмжээгээр гарч, өнгөтэй, үнэртэй болвол мэргэжлийн эмчид болон манай төвд хандах хэрэгтэй.
/8820-..../ Миний биений юм 1, 2-р сарын 17-нд ирсэн. Харин энэ сард ирэхгүй байна. Би найзтайгаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Яавал дээр вэ?
Эмч: -Жирэмсэн болсон байх бүрэн магадлалтай. Тиймээс мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.
/9964-..../ Бэлгийн харьцаанд орох үед эрэгтэй, эмэгтэй хоёулаа бэлгэвч хэрэглэж болох уу?
Эмч: -Эрсдлээс сэргийлэх нэг чухал зүйл бол бэлгэвч юм. Эрэгтэй бэлгэвчийг эмэгтэй бэлгэвчтэй хамт хэрэглэж болохгүй. Учир нь бие биедээ үрэгдэж цоорч, урагдаж болзошгүй.
/8880-..../ Би одоо 18 настай хүнтэй унтаж үзээгүй. Гэхдээ миний биений юм тогтвортой ирэхгүй юм.
Эмч: -Биеийн юмны үргэлжлэх хугацаа 28 хоног байдаг. Гэхдээ тухайн хүний биеийн онцлог болон наснаас хамаарч 21-42 хоногийн хугацаанд хэлбэлздэг юм. Эхэн үед тогтмол биш байдаг нь хэвийн үзэгдэл.
Бэлтгэсэн Э.Энхжаргал
Хичнээн завгүй байлаа ч тогтсон болзоондоо
очиж болно
/9525-..../ Сайн байна уу? Би нэг хөвгүүнийг нэг жил харж байна. Саяхнаас тэр намайг кино үзэх үү, хамт гадуур алхах уу? гэж асуудаг болсон. Би завгүй байдаг болохоор хааяа л зөвшөөрдөг. Уг нь би түүний найзад нь сайн байсан юм. Түүнтэй уулзсанаас хойш түүнд анхны харцаар дурлачихлаа, яаж түүнийг өөртөө татах вэ?
-Миний бодлоор чи санаа амар байж болох байх. Тэр хөвгүүн аль хэдийнэ чинийх болсон юм шиг санагдаж байна. Тэр чамд талтай биш байсан бол хэзээ ч чамайг болзоонд урихгүй, хамт байхыг хүсэхгүй шүү дээ. Өмнө нь чи найзад нь сайн байсан ч одоо чи түүнд хайртай шүү дээ. Одоо төрж байгаа мэдрэмжиндээ л итгэ. Чамд цаг зав бараг гардаггүй ч гэсэн тогтсон болзоондоо заавал очиж байхыг зөвлөе. Аз болоход чи ямар нэг зүйл хийх шаардлагагүй ээ. Тэр чамайг байгаагаар чинь л хайрласан байна шүү дээ.
Өөрийн байр суурь дээрээ хатуу зогсоорой
/8874-..../ Сайн байна уу? Намайг Анударь гэдэг. Би 15 настай. Найз хөвгүүн маань 16-тай. Үерхээд 2 сар л болж байна. Байнга мессэж бичиж утсаар ярьдаг. Сүүлийн үед надтай уулзах болгондоо надтай унтъя гээд байх юм. Би хүсэхгүй байна. Би яах ёстой вэ?
-Чамд гэж зөвлөхөд өөрийн байр суурь дээрээ хатуу зогсох хэрэгтэй. Чи дөнгөж л дунд сургуулийн сурагч шүү дээ. Ийм эрт эрсдэлтэй алхам хийж болохгүй. Энэ эрсдэлтэй алхмын үр дүнд чиний хүсэл мөрөөдөл, хүүхэд насыг чинь баллаж магад.
Эхлээд танилцаад
дараа нь таньж мэд
/9526-..../ Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Миний сэтгэл санаа ойрд маш тавгүй байна. Би нөгөө ангийнхаа нэг хөвгүүнд сайн болчихсон. Гэтэл тэрэнтэй нэг ч үг дугарч байгаагүй. Надад туслаач!
-Бид өдөр болгон л шинэ зүйлтэй учирч танилцдаг шүү дээ. Мөн маш олон хүмүүстэй танилцаж найзууд болдог. Яг үүнтэй ижил хэн нэгэнтэй танилцана гэдэг амархан. Эхлээд өөрийн таньдаг хүмүүсээсээ түүнийг таньдаг эсэхийг нь асуу. Түүнтэй танилцах бүхий л бололцоог олох хэрэгтэй. Ядаж л найзууд дундаас чинь хэн нэгэн түүний утасны дугаарыг нь чамд аваад өгөх байх. Ингээд дугаарыг нь авчихвал чи түүнтэй “мессэж найз” болж болно шүү дээ. Үүнээс хойш юу хийхээ нарийн төлөвлөөрэй. Эхлээд танилцах хамгийн чухал. Үүний дараа түүнийг таньж мэдэх хэрэгтэй.
Түүнийг бага багаар
өөртөө татах хэрэгтэй
/9912-..../ Би нэг хөвгүүнд сайн. Тэр бид 2 сайн найзууд. Өмнө нь манай найзад сайн юм шиг санагдаж байсан. Харин одоо надад сайн юм шиг санагдаад байдаг болсон. Ер нь бол намайг өөрт нь сайн гэдгийг мэдэж байгаа.
-Зөн совин чинь хуураагүй гэдэгт итгэж байна. Ер нь охид өөрт нь сайн хандаж байгаа хөвгүүдийг анзаарахдаа сайн шүү дээ. Чи тэр хөвгүүндээ сайн бол эртхэн л найзлах хэрэгтэй шүү. Өдөр болгон уулзаад өөртөө татах хэрэгтэй. Хэрэв өдөр болгон уулзах боломж байхгүй бол орой бүр мессэж бичиж байгаарай. Нэг л мэдэхэд чиний орон зай түүний амьдралд бий болсон байх болно.
Таньж мэдсэнийхээ
дараа сонголтоо хий
/9979-..../ Би 7-р ангид сурдаг. Би нөгөө ангийнхаа 2 хөвгүүнд сайн болчихсон. Надад сайныг нь яг мэдэхгүй ч гайгүй л юм шиг санагддаг. Тэр хоёр найзууд. Одоо яах вэ?
-Сонголт хийх гэж яарах хэрэггүй. Тэр хоёр хөвгүүнийг сайн таньж мэдэх хэрэгтэй шүү. Удаан найзалж нөхөрлөөд ирэхээр хүний чанар танигддаг. Харин үүний дараа сонголтоо хийвэл чамд илүү амар байх болно. Гэхдээ тэр хоёртой хэтэрхий ойр дотно байгаад хэрэггүй. Чамайг зарим нэг зүйл дээр буруугаар ойлгож магадгүй. Тэгээд цаг нь болохоор сонголтоо хийх хэрэгтэй шүү.
Өөрийнхөө хайрын төлөө нэг удаа бардам зангаа хаях хэрэгтэй
/9167-..../ Сайн уу? Би найз хөвгүүнтэйгээ 2 сар үерхсэн. Тэр маш хөөрхөн болохоор байрны охид бүр түүнд сайн. Би одоо хүртэл түүндээ сайн. Харин тэр одоо өөр охинд сайн сурагтай. Би сайн гэдгээ хэлье гэхээр ичээд байх юм. Яавал дээр вэ?
-Өөрийгөө зовоолгүй, өөртөө хэрэгтэй шийдвэр гаргая гэж бодож байгаа бол бардам зангаа түр хойш нь тавих хэрэгтэй. Ингэвэл чамд л амар байх болно. Яах бол гэж шаналж байхаар эхлээд түүнийг өөр хүнд сайн эсэхийг нь асуугаад мэдчих. Хэрэв үнэхээр өөр хүнд сайн бол чи түүнийг орхих хэрэгтэй. Харин үгүй бол чамд боломж байгаа гэсэн үг. Чи тэр хөвгүүнтэй байвал аз жаргалтай байна гэж итгэж байгаа бол түүнд яагаад хайраа илчилж болохгүй гэж. Бардам зан саад болоод гэж үү? Зүгээр дээ чи ямар танихгүй хүний араас гүйж байгаа биш. Өмнө нь бие биедээ сайн, үерхэж байсан юм чинь араас нь гүйх биш зүгээр л буцаад нийлэх санал тавьж байна гээд л бодчих.
Хайртай хүнээ алдахгүйн тулд хичээгээрэй
/9514-..../ Би нэг хөвгүүнд сайн. Харин манай найз намайг сайн гэдгийг мэдсээр байж миний хайртай хүнтэй ангалзаад байх юм. Та надад туслаач!
-Найз чинь бас тэр хөвгүүнд сайн ч юм билүү? Тэгвэл найзыгаа ч бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэр ч бас сайн хүнтэйгээ хамт байх эрхтэй. Тиймээс эхлээд найзтайгаа ярилцаад үз. Хэрэв хоёулаа сайн бол хэнтэй нь ч үерхсэн найзууд хэвээрэй үлдэнэ гэж амлах хэрэгтэй. Ингэвэл бүх зүйл шударга болно. Чи мэдээж сайн хүнээ алдахгүйн тулд хичээх хэрэгтэй. За чамд амжилт хүсье! Хөвгүүд ч гэсэн харж шохоорхоод, дасаж дурладаг гэдгийг битгий мартаарай.
Найзууд болъё
гээд хэлчихэд л болно
/8896-..../ Би одоо дөнгөж 12 настай. Гэвч манай ангийн хөвгүүд үерхэе гээд байх юм. Би яах ёстой вэ? Надад туслаач!
-Нас чинь бага гэдгийг ойлгож байна. Чи өөрөө л болоогүй гэж бодвол хэн ч чамайг албадах эрхгүй. Хэрвээ тэр хөвгүүдийг гомдоочих нь гэж бодоод байгаа бол эхлээд найзууд больё гээд л хэлчих.
Эхний алхмыг чи, сүүлийн алхмыг тэр хийх ёстой
/8872-..../ Би нэг хөвгүүнд сайн. Даанч тэр намайг ерөөсөө танихгүй. Харин би түүний хаана байдаг, ямар сургуульд сурдаг, утасны дугаарыг нь хүртэл мэддэг. Мессэж бичээд танилцъя гэхээр бардам зан гаргаад чадахгүй юмаа.
-Түүний талаар мэдээлэлтэй байна гэдэг чамд том давуу тал гэсэн үг. Тэгэхээр энэ давуу талаа ашиглахгүй өнгөрөөж болно гэж үү? Эхлээд зүгээр л найзууд болохоос эхэл. Яваандаа түүнийг бага багаар өөртөө дасгах хэрэгтэй. Эцсийн сонголтыг түүнд үлдээ. Мэдээж энэ хугацаанд тэр чамд сайн болсон бол чамайг алдахыг хүсэхгүй л байх.
Найзуудаа өөрийнхөө талд оруулах хэрэгтэй
/9905-.../ Би доод ангийнхаа хөвгүүнд сайн болчихсон. Тэгээд найзууддаа хэлсэн чинь жоохон хүүхдээр яах гээд байгаа юм бэ? гээд шоолоод байсан. Би уг нь түүнд хайртай гэдгээ хэлээд хамт баймаар л байна. Би түүндээ маш их хайртай.
-Чинийх чин сэтгэлийнх, харин найзуудынх чинь зүгээр л нэг дэмий яриа. Зүрх сэтгэлээ л дагах хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөхөд найзууд чинь чамайг ойлгох болно.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


