
Арсеналын ахлагч Цеск Фабрегасийг Барселонатай хувийн нөхцөлүүдээ тохирсон, шилжилт болох нь тодорхой болоод байгаа гэж эх сурвалжууд бичжээ.
Каталоны өдөр тутмын Спорт сонинд бичсэнээр 23 настай хагас хамгаалагч Барсатай 5 жилийн, жил бүр 7 сая еврогийн цалин авах гэрээ хийсэн аж.

Гэхдээ Арсеналын талаас энэ шилжилийг хараахан зарлаагүй бөгөөд Арсен Венгер тоглогчтойгоо долоо хоногийн сүүлээр уулзах гэнэ. Барсагийн хагас хамгаалагч Андрес Иньеста ч саяхан Фабрегасыг одоо юу юугүй Барсад ирнэ гэж бодохгүй байна гэж хэлж байсан.
Юутай ч Спорт сонины мэдээнд итгэх юм бол Фарбегас төрөлх багтаа эргэн ирэхийг зөвшөөрсөн байна.
Арсеналтай холбоотой мэдээлэл хүргэхэд тэд Оросын ЦСКА-ын хаалгач Игорь Акинфеевийг авахад ойрхон байгаа аж.
“Арсенал болон Манчестер Юнайтед бол дэлхийн хамгийн шилдэг багууд” гэж Акинфеев Сан сонинд ярьжээ. Эдгээр клубууд аль аль нь түүнийг сонирхож байгаа тул тэр ингэж хэлсэн биз. Өөрөөр хэлбэл Игорь аль ч багт нь очихоос татгалзахгүй бололтой.
“Би Аршавинтай Арсенал болон Лондоний амьдралын тухай ярилцсан. Тэр зөвхөн сайн сайхан талуудыг нь надад ярьж байсан” гэжээ. Мөн Ювентус түүнийг сонирхож байгааг тэр мэдэж байгаа ч Английг илүүд үзэж байгаа аж.