| Мэдээлэл нэмсэн: 2010-08-06 |

“Coke’n beat” наадамд түрүүлэн, монгол улсаа төлөөлөн “Asian Beat”-д оролцох эрх авсан “L-Guards” хамтлагийн басс гитарчин, дуучин Д.Баясгалантай уулзан ярилцлаа.
-Энэ жилийн “Coke’n beat” ялагч болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бид нар хоёр гурван жилийн өмнөөс “Coke’n beat”-д түрүүлж явахыг хүсч байсан. Өнгөрсөн жил яалт ч үгүй “The Lemons” хамтлагийнх байсан. “The Lemons” л явсан. Бид нар “The Lemons” хамтлагийг явсаны хоёр гурван сарын дараа анхны цомгоо гаргаад дөрвөн сарын 3-нд нь тоглолтоо хийсэн. Ер нь 2010 он бол яг л “L-Guards” хамтлагийн ургац арвинтай жил байна. “L-Guards” явахгүй байсан бол нилээд олон хүн гомдох байсан байх гэж дотроо бодож байгаа. Өөрсдийнхөө хувьд 2010 он бол бидний л он, бид л түрүүлж “Asian Beat”-д явна гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Үүндээ хүрсэн. Их баяртай байна.
-“Asian Beat”-д арванэгдүгээр сард Тайландын Банконг хотод болно. Азийн хичнээн орноос оролцож байгаа вэ?
-Азийн арав гаруй орноос дандаа шилдэг хамтлагууд ирж оролцоно. Хамгийн гол нь “Yamaha”-гаас зохион байгуулдаг мэргэжлийн бус сонирхогчдын тэмцээн. Тийм болохоороо боломжтой. Монголд мэргэжлийн хөгжимчид цөөхөн шүү дээ. “Asian Beat” наадамд аймаар олон хамтлаг байгаа ч бүгд л сонирхогч байгаа. Бид нар ч тэр дунд сонирхогч учраас оролцож байгаа. Япон чинь “шороон түмэн” олон хамтлагтай. 500 гаруй хамтлагаас шалгарсан нэг л хамтлаг ирж оролцоно. Манайхаас бол арав хорин хамтлаг дундаас шалгарч байгаа. Тэгэхээр тэр 500 хамтлагаас шалгарсан хамтлаг бол аймаар л хамтлаг байгаа. Бид нар тэд нараас дутахгүй оролцохын төлөө хичээнэ дээ.
-“Asian Beat” наадамд нэг л уран бүтээлээрээ оролцоно гэж байсан. Яг ямар дуугаар өрсөлдөхөө товлосон уу?
-Нэг л дуу дуулна гэсэн л дээ. Бид нар сая “Coke’n beat” наадам дээр сүүлд дуулсан “Bye bye” дуугаа дуулсан. Хамтлагаараа үсэрдэг дуу байгаа. Тэрийгээ баяжуулаад зургаан минутан дотор өөрсдийгөө илэрхийлэх даалгавартай юм байна лээ. Манай тэр дуу бол гурван минут гарангын дуу байгаа. Үүн дээрээ шинэ, шинэ өөр гоё зүйлс нэмнэ гэж бодож байгаа. Хүмүүс мэдэж байгаа байх л даа punk rock хамтлаг гэхээрээ үсэрдэг гээд л.
-“Coke’n Beat” наадмын зохион байгуулагчид “Asian Beat” наадамд шилдгүүдээсээ баг бүрдүүлээд явах боломжтой гэж ярьж байсан. Танай хамтлаг дээр наадмын шилдгүүдээс нэмэгдэх үү?
-Манайх бол яг л өөрсдийнхөө үндсэн дөрвөн гишүүнээр явж байгаа. “Coke’n Beat” зохион байгуулагчид хэрвээ хамтлагууд нь сайн байж чадахгүй бол шилдгүүд дундаасаа хамтлаг бүрдүүлээд явуулна гэж байсан. Манай хамтлаг нэг цогц байж чадсан учраас хамтлагаар нь явуулна гэсэн.
-Одоо “Asian Beat” наадмын бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?
-Өргөө кино театртай хамтарч ажилладаг. Өргөө кино театрын ар талд гоё том байр байгаа, тэндээ хийж байгаа.
-“Coke’n Beat” наадамд түрүүлээд сая төгрөгөөр шагнуулсан, шагналаа авсан уу?
-Аваагүй байгаа. “MCS”-ын захирал гадагшаа явсан. Ирэхээрээ хүлээн авалт хийж өгнө гэсэн.
-Тэгвэл “Total music”-аас авах хөгжимөө товлосон уу?
-тэндээс цана, кабель янз бүрийн техникийн талуудын юмаа авна даа. Шагналын 500 мянган төгрөгийг бэлнээр 500 мянган төгрөгөнд нь “Total music”-аас бараа авах эрхээр шагнуулсан. Бэлнээр авсан мөнгөө цомгийнхоо бичлэгт оруулна. Шинэ цомгийнхөө мөнгийг цуглуулж байгаа.
-Хоёр дахь цомог чинь тун удахгүй гарах нь ээ?
-Хоёр дахь цомог одоо долоон сарын сүүлээр бичлэгт орж эхлэнэ. Дуунууд нь бас гараад явж байгаа. Анхны цомгоо нэг сарын дөрвөнд гаргасан. Тэрэндээ давхцуулж гаргах төлөвлөгөөтэй.
-Цаашдаа нэг сарын 4-ндөө цомгоо уламжлал болгон гаргаж байх юм уу?
-Тийм. Нэг сарын 4-ндөө цомгоо гарган, дөрвөн сарын 3-нд тоглолтоо хийгээд уламжлал болгох санаатай даа. Урьд нь зорилгодоо хүрсэн. Энэ удаа ч гэсэн төлөвлөөд хүрэх зорилготой ажиллаж байгаа даа.
-Тоглолтын бэлтгэлийн хажуугаар хаана, хаана дуулж байгаа вэ?
-“Irish”, “Mongolians”, “Их Монгол”-д дуулж байгаа. Ерөнхийдөө гурван чанартай газар дуулаад явж байна.
-Удахгүй болох “Playtime” амьд хөгжмийн наадамд хэр догдолж байна?
-Оролцож дуулна. Хүлээж байгаа.
-“Playtime”-д хичнээн дуугаараа оролцох вэ?
-Задгай болдог болохоор үзэгчдийнхээ ритмээр тав зургаан дуу дуулна даа. Тэнд гоё чөлөөтэй байх боломжтой байдаг. “Coke’n Beat” бол уралдаан тэмцээн учраас яг л тодорхой уран бүтээлээрээ өрсөлддөг. Харин “Playtime” дээр бол задгай чөлөөтэй дуулж бүжиглэж болно.
-Санасандаа хүрээд ялагч болсон юм чинь ахиж “Coke’n Beat” наадамд оролцохгүй юу?
-“Asian Beat” явсан хамтлаг ахиж оролцохгүй журамтай. Бид нар дараа дараагийн “Coke’n Beat” наадамд урилгаар л оролцох байх.
-Бэлтгэлийнхээ хажуугаар шинэ уран бүтээлээ туурвиад л яваад байна уу?
-Бэлтгэл дээрээ туурвиад л байгаа. Хоёр дахь цомгийн дуу яг бүнд бэлэн биш л дээ. Дуу бүтэх үйл явц чинь их удаан. Зарим дуу долоо хнгийн дотор бүтэж байхад зарим нь долоо найман сар жил гарангийн дараа ч бүтдэг. Дуунаасаа их болно. Заримдаа нэг дуу хийх гээд тэр нь ерөөсөө явахгүй за за больё гээд хаях үе бий. Тэр нь үнэхээр л явахгүй дуу байгаа юм чинь.(инээв)
-Ер нь “Universe best songs” найзуудтайгаа уулзаж байгаа биз дээ. Шилдэг 25 хамтраад юм хийе гэж ярьж байгаа юу?
-Шилдэг 25 нийлээд нэг цомог гаргая гэж ярьсан. Яг тэр маань ивээн тэтгэгчийн асуудлаас болоод жаахан явцгүй л болсон юм шиг байна лээ. Бид нар уулзаад л хэн нь шинэ уран бүтээл гаргасан, юу хийж байна гээд л уулзахаараа л жаахан ууж иддэг. (инээв)
-Энэ жилийн шилдэг 25-тайгаа танилцсан уу? Энэ жилийн 25 ер нь ямар санагдсан бэ? Та хэд чинь их сенсаацтай байсан шүү дээ
-Манай хэд чинь Холливудын одууд шиг байсан шүү дээ. Киногоо нээгээд талбай дээр лимузин хаймераас бууж улаан хивсэн дээгүүр алхаж үзэж байлаа. Аймаар л юм байна лээ. Өнгөрсөн жил бол анхны юм гэдэг утгаараа их гоё байсан . Манай шилдэг 25-ыг бүх хүмүүс л таньдаг. Би бол хэдтэй л жаахан танил болсон Соёмбо, Баярцэнгэл гээд гурав дөрвөн хүнтэй л. Соёмбоо цагаан хоолтон байхгүй юу. Бид нарыг цагаан хоолны газраа урин танилцаж байсан. Энэ жилийнх өнгөрсөн жилийнхийгээ арай л гүйцээгүй байх гэж бодож байна. Бид нарыг оролцож байхдаа гадуур явж байгаад Элбэгдорж ерөнхийлөгчийг ерөнхий сайд байхад нь таарахад машинаасаа бууж ирээд бидэн рүү даллаж байсан. Ерөнхий сайд бас үздэг л юм байна гэж бодож байсан. Харин энэ жил ерөнхийлөгч болчихоод бид нартай уулзсан.
-Ойрын үед “L-Guards”-нханы гаргах шинэ, сонин, сайхан юу байна?
-Цомгийнхоо бичлэгт ороод эхэлчихвэл ганц нэг сингл уран бүтээлээ гарган тэд нар дээрээ клип хийх санаатай байгаа. Урьдны клипүүд дээрээ “Gamma” агентлагтай хамтарч ажиллаж байсан болохоор одоо арай өөр юм хийнэ. Тэдгээр залуус байгаа л даа. Ерөнхийдөө нийлээд хамтраад л хийнэ дээ.
-Анхны цомгийн чинь нэр “Түс тас түмпэн шанага” гээд их сонин нэртэй. Хоёр дахь цомгийн чинь нэр ч гэсэн ийм этгээд байх уу?
-Хоёр дахь цомогт янз бүрийн л нэр яваад байгаа. Амьдралыг хамгаалагчид л гэнэ.
-Ер нь цомгийнхоо нэрийг яаж өгдөг вэ? Хоорондоо ярилцаж байгаад өгөх үү?
-Ярилцаж нээх сүртэй юм болохгүй ээ. Хоорондоо маазарч байгаад л өгчихдөг. Анхны цомгоос хамгийн хачин нэртэй дуу нь л энэ “Түс тас түмпэн шанага” байсан. Тэгээд л өгчихсөн. Нээх аймаар гүнзгий бодоод байдаггүй ээ. Гүнзгий гүн утга байхгүй ээ гэж.
-Чи бие дааж юм хийе гэсэн бодол одоохондоо байхгүй байгаа юу?
-Манайхан хамтлаг дотроо нэг хүн сондгойрч уран бүтээл хийнэ гэсэн ойлголт байдаггүй ээ. Би жишээ нь “Зөрөг цэцэг” гээд ч юм уу уран бүтээл хийнэ гэсэн юм алга өө. Хамтлаг дотроо нэг гишүүн нь байж хамт байхыг хүсдэг. “” дууссаны дараа бол миний мөрөөдөл “Blue hearts” шиг уран бүтээл хийхийг зорьдог. Жинхэнэ галзуу панк рок хамтлаг. Одоо бид нарын тоглож байгаа урсгал бол орчин үеийн панк урсгал. Хувцас, имидж стилийн хувьд улам өнгөлөг болоод явчихсан. Миний сонирхдог 80-аад оны панк болохоор галзуу, тайзан дээр гараад л солиордог.(инээв) Анх “Universe best songs” ч гэсэн тийм стилийн дууг дуулахдаа их эргэлзэж байсан. Дуулахаар гадуур солиотой гээд яриад байх болов уу гээд л. Дуулах уу байх уу гэж өчнөөн шөнө бодож байж шийдсэн. Бас нэг өөр дуу хажууд нь тавьчихсан байснаа болиод л шууд дуулж байсан.
-“Linda” дуу чинь үзэгчдэд их таалагдсан шүү дээ. Чи тэр дуугаа тайзан дээр дуулж байхдаа юун ч баригдахгүй их чөлөөтэй байгаа харагдаж байсан
-Бүр сүүлийн гала тоглолт дээр нүцгэн хүртэл гүйж дуулсан л даа. Тэрийг харсан хүмүүс чи ч баллах юм аа, аймаар юм аа гэж байсан. Саяхан манай хамтлагийнхан Багануурт “Уурхайчин” спортын төвд хүлээн авалтанд дуулсан. Тэнд үзэгчид нь хөгшин, нас тогтсон хүмүүс байсан. Тоглочоод арын өрөөлүү ортол бараг л бүгдээр “Linda” гэж орилоод. Тэгээд гараад дуулсан чинь өө нөгөө хөгшин хүмүүс чинь алж өгч байна аа. Тэгэхэд би нас хүнийг дардаггүй л юм байна гэж бодсон. Нас насныханд очиж хүрсэн юм байна лээ.
-Хэд хүртлээ уран бүтээлээ хийх вэ?
-Он цаг хугацаанд баригдахгүй байх өө. Сонирхол бууртлаа л дуулна даа. Бүүр хөгшрөөд нас явхаар сонирхол ч бас буурах л байх. Гэхдээ одоо залуу байна.
-Танай хамтлагийнхан ер нь оворгүй, хүүхэд шиг царайтай хүмүүс байдаг
-Манайхан чинь их “baby” царайтай л даа. Манай бөмбөрчин, соль гитарчин хоёр 17-той, би 21-тэй, манай ах 23-тай их залуухан шүү дээ.
-“Fan club”-ийнхэнтэйгээ хэр ир уулздаг вэ?
-Байнга л уулддаг. Сар гаруйн өмнө уулзахад 200 гаруй гишүүнтэй болсон байсан.Бид нар сардаа нэг өдөрлөг хийхийг хичээдэг. Тэрэн дээрээ янз бүрийн юм хийгээд хүүхдүүтйг баярлуулаад л, шинэ цомгийн дуу гарсан бол сонсгоод л. Бид нар Мобикомын “BE...” брэндтэй хамтарч ажилладаг. “Fan club”-ын өдөрлөгөө тэнд хийдэг. Их энгийн гоё уулзалт болдог. Байнга л ирдэг хүмүүстэй болчихсон. Хүүхдүүдэд асууж сонирхох зүйл зөндөө байдаг. Наад зах нь д манай хоёр жоохоноос найз охинтой юу гээд л.
-Та найз охинтой юу?
-Байгаа, жил болох гэж байна. Манай Шижирээс бусад нь найз охинтой.
-Зөвхөн та нарыг сонсдог хүүхдүүд цугладаг болхоор “Fan club” уулзалт чинь гоё болдог байх аа
-Тийн шүү. “Fan club” маань байгуулагдаад долоон сар болж байгаа. Манай хүүхдүүд их хөөрхөн. Саяхан “Coke’n Beat” дээр гэхэд л бөөнөөрөө бүүр туг хийгээд ирчихсэн байсан. Тэр туг гэдэг чинь жижигхэн ч гэсэн бүтээл. Дараа дараагийн тоглолт дээр бариад л ирнэ. Манай “Fan club”-ийг үүсгэн байгуулсан хүүхдүүд сайн дурын хүүхдийн байгууллагын хүүхдүүд. Ямар нэгэн мөнгө татвар авдаггүй НҮБ-тэй хамтарч ажилладаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг авчирч зөв замд оруулах сургалт явуулдаг. Мөн бид “Fan club” дотроосоо “Colors” гээд дөрвөн хүхдийнийг хамтлаг болгон тоглуулж байгаа. Эхнээс нь л тоглуулаад байж байгаа, өөрсдөө ч их сонирхолтой. Манай хамтлаг эхнээсээ л бүх зүйлсээ өөрсдөө хийгээд явж байгаа. Зарим хамтлаг дуучид бол “Hi-Fi”-ын “Label” дамжаад гарч ирсэн байдаг шүү дээ. “A-Sound”, “The Lemons” гээд л. Манайхыг “Label” авах гэж их үзсэн дээ. Бид нар бор зүрхээрээ явна гээд татгалзаж байсан. 2007 онд “A-Sound”, “The Lemons” гээд хамтлагууд “Label”-д ороод од болсон. Бид хоёр жилээр хоцорсон. Гэхдээ 2010 онд бор зүрхээрээ тэднээс нээх дутахааргүй байж чадсан.
-Бусад рок хамтлагуудтай хэр сайн найзууд вэ? Жишээ нь “A-Sound”, “The Lemons” гээд л
-Бүгдэнтэй нь сайн найзууд. Ер нь бол рок хамтлаг дуучид чинь дотроо нэг гэр бүл шиг байдаг. Ямар ч хамтлаг дуучид байсан сайн уу гээд л өнгөрдөг. Поп хамтлаг дуучид, тэр одууд нь яадгыг би сайн мэдэхгүй ээ. Би бол од биш, манайхан оддын өвчинөөр өвчлөөгүй.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


