| Мэдээлэл нэмсэн: 2011-02-02 |
"Сонжоо" булангийхаа сонирхолтой зочноор Beatbox Ray ахыг урьлаа. Хэдийгээр алс холын Япон улсад сурч байгаа ч гэсэн бидний хүсэлтийг хүлээн авч мессэнжэрээр бөглөсөн шүү.
Миний хувьд их сонирхолтой санагдсан. Тэрээр аливаа юманд няхуур ханддаг ч заримдаа хөнгөн зөнтай бөгөөд гайхалтай найзуудаар хүрээлэгдсэн азтай залуу гэнэ. Ингээд хэрхэн сонжоо бөглөснийг сонирхоно уу?
1. Туулж өнгөрүүлсэн жилүүдийнхээ талаар бодохдоо та хэрхэн дүгнэдэг вэ?
A. Сайнаасаа муу нь давамгай байж дээ.
Б. Муугаасаа сайн нь илүү байж.
B. Бүгд маш сайн байсан.
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би В хариултыг сонгож байна. Яагаад гэхээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө жил ирэх тусам, алхам алхамаар ойртож чадаж байна. Энэ бол сайн зүйл шүү дээ.
2. Ажлын өдрийн эцэст та...
A. Өөртөө сэтгэл ханамжгүй байдаг.
Б. Өдрийг илүү өнгөрүүлж болох байж дээ гэж боддог
B. Сэтгэл хангалуун унтахаар хэвтдэг
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би В хариултыг сонгож байна. Танай сонинд өмнө нь ярилцлага өгч байхдаа надад 24 цаг багддаг гэж хэлж байсан. Миний хувьд тухайн өдрийнхөө ажлаа төлөвлөснийхөө дагуу гүйцэтгэж чаддаг.
3. Толинд хараад...
A. Цаг хугацаа ч өршөөлгүй юм даа
Б. Тийм ч муугүй шүү
В. Бүгд сайхан байна шүү
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би А хариултыг сонгож байна. Энэ асуултын утгыг сайн ойлгодоггүй ээ. Гэхдээ цаг хугацаагаар авч үзвэл маш хурдан өнгөрч байна. Өөрийн зорьсон зорилгодоо хүрэхэд надад цаг хугацаанаас үнэтэй зүйл байдаггүй.
4. Танилуудын чинь нэг сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон тухай мэдээд та...
А. "Надад аз тохиох биш дээ"
Б. "Би яагаад хожиж болохгүй гэж"
B. "Нэг өдөр би ч бас хожино доо"
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би Б хариултыг сонгож байна. Би өөрийнхөө азанд итгэдэг.
5. Сониноос ямар нэг хэрэг явдлын тухай уншаад та...
А. Надад бас тохиолдоно доо.
Б. Азаар энэ гай намайг тойрч дээ.
В. Сэтгүүлчид санаатай хэтрүүлэг оруулжээ.
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би А хариултыг сонгож байна. Ер нь ямар ч зүйл хэд ч тохиолдож магадгүй учраас ямар нэгэн алдаа гаргалгүй, сонор сэрэмжтэй байх нь чухал. Уран бүтээлчид ч мөн адил өөрийн сонсогчиддоо сайн уран бүтээл хүргэхийн тулд хянамгай, няхуур байх хэрэгтэй.
6. Өглөө босохдоо ихэвчлэн...
А. Юуны ч тухай бодохыг хүсдэггүй.
Б. Ирэх өдөр намайг юу хүлээж байгаа бол гэж боддог
В. Шинэ өдөр эхэллээ, шинэ сонин зүйл болж магадгүй хэмээн сэтгэл хангалуун байдаг.
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би В хариултыг сонгож байна. Өглөө болгон миний хувьд шинэ байдаг. Өглөө гэдэг үгийн утга бидэнд шинээр өглөө, сайн тунгаан бодвол юм өгөх гэсэн утгатай. Бидэнд бурхан өглөө болгон ямар нэгэн зүйлийг өгдөг учраас өглөө гэж нэрлэсэн гэж би итгэдэг.
7. Та найз нөхдийнхөө тухай юу боддог вэ?
А. Тэд миний бодсон шиг тийм сонирхолтой, уриалагхан биш
Б. Мэдээж тэдэнд дутагдал байдаг ч ерөнхийдөө тэднийг тэвчиж болно
В. Гайхалтай хүмүүс
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би В хариултыг сонгож байна. Миний хувьд найз нөхөд бол миний амжилтын нэг том түлхүүр гэж боддог. "Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол" гэж Монголын сайхан зүйр цэцэн үг байдаг даа. Ер нь хүнд найз олон байдаг ч тэр дундаас сайн найз нь их чухал. Миний бүх найзууд гайхалтай хүмүүс байдаг.
8. Таны жин 4-5 кг нэмэгдсэн бол...
А. Сандарна
Б. Үүнд айгаад байх зүйл алга гэж бодно
В. Тэр даруй хоолны дэглэм барьж биеийн тамираар идэвхтэй хичээллэнэ
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би Б хариултыг сонгож байна. Миний биеийн жин 5 кг дотор үргэлж хэлбэлзэлтэй байдаг /инээв/. Их ажлын дараа 5 кг хасагддаг бол амралтын дараа 5 кг нэмэгдсэн байдаг. Сонин шүү.
9. Сэтгэл санаагаар унасан үедээ:
A. Хувь заяагаа хараана
Б. Оройноос өглөө дээр гэдгийг санана
B. Хөгжиж зугаацахыг хичээнэ.
Сур: -Яагаад энэ хариултыг сонгосон бэ?
Ray: - Би В хариултыг сонгож байна. сэтгэлээр унасан ч юм уу, стрессд орсон үедээ ихэвчлэн найзуудтайгаа бассейнд сэлж, боулинг тоглодог. Тэгээд л бүх зүйл шинээр эхэлдэг дээ.
Хариу:
-Та ихэвчлэн "А" хариултуудыг сонгосон бол:
Хувь заяа таныг азгүй нэгэн болгож гэж та үздэг ч заримдаа үүгээрээ бардамнадаг. Ингэх хэрэг байна уу. Олон нийтийн дунд хөгжилтэй өөдрөг хүмүүстэй цагийг өнгөрүүлэхийг хичээ.
-Хэрэв та ихэнхдээ "Б" гэсэн хариултуудыг сонгосон бол:
Азгүйдэл таны хувьд 50:50 гэсэн утгаар илэрхийлэгдэж байна. Дийлэнх хувийг өөрийнхөө тусын тулд байлгахыг хүсвэл учрах хүндрэлээс шантрахгүй байхыг хичээ.
-Эсвэл та ихэнхдээ "В" гэсэн хариултуудыг сонгосон бол:
Та эргэлзээ төрүүлэм аз жаргалтай амьдралтай, баяр баясгалантай хүн юм. Гэхдээ та болж байгаа бүхэнд хэтэрхий өнгөц хөнгөн хандаж байгаа юм биш биз. Өөрийгөө ухаалгаар дүгнэхэд илүүдэхгүй. Гэхдээ та зарим зүйл дээр их хянуур ханддаг сайн талтай юм байна.
Сур: -Таны хариуны ихэнх нь В байлаа. Сэтгэгдэл хэр байна даа. Таарч байна уу?
Ray: -Сэтгэл их гоё байна. Намайг сонгож хөөрхөн сонжоо бөглүүлсэнд баярлалаа. Юм бүхэн үнэн байдаггүй. Тийм ч учраас зарим нэг тал дээр зөрүүтэй байна. Би нэг их дүгнэлт хийж явдаггүй. Аливаа юманд хөнгөн ханддаггүй, их няхуур шүү.
Сур: -Та одоо Японд байна уу?
Ray: -Тийм ээ. Ах нь хичээлдээ яваад их завгүй байгаа.
Сур: -Монголдоо хэзээ ирэх вэ?
Ray: -Ах нь Монголдоо 3 сард очно. Цагаан сараар эндээ шинэлэх юм шиг байна. хичээлээ зохицуулаад чөлөө аваад Монголдоо шинэлэхийг бодож байна.
Сур: -Уран бүтээлийн сонин сайхан юу байна даа?
Ray: -Сүүлд "Crush" crew-ийнхээ найзуудтай шинэ клип хийсэн байгаа. Мөн удахгүй шинэ шинэ уран бүтээлээр бэлэг барих болно.
Сур: -Баярлалаа. Танд уран бүтээл, сурлагын өндөр амжилт хүсье!
Ray: -Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье!
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


