| Мэдээлэл нэмсэн: 2011-02-10 |
Сайн байна уу, хүүхдүүдээ? Энэ дугаарынхаа ярилцлагын зочноор цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан Гунгаачойлин дацангийн шавь А.Мягмардоржийг урьлаа. Биднийг ярилцлага тун сонирхолтой болсон. Та бүхэн анхаарлаа хандуулна уу?
Сур: -Өдрийн мэнд хүргэе. Уншигч хүүхдүүддээ өөрийгөө танилцуулаач?
М: -Намайг Алтангадасын Мягмардорж гэдэг. Би 1998 оны 12-р сарын 31-нд Улаанбаатар хотын хоёрдугаар төрхөд төрсөн. Одоо 13 настай.
Сур: -Хэдэн настайгаасаа эхлэж Төв Гандангийн Гунгаачойлин дацанд шавилан суух болов?
М: -3 жилийн өмнө, 2008 оноос эхлэн шавилан сууж байна.
Сур: -Урьд нь ямар сургуульд сурч байсан бэ? Хэддүгээр анги хүртлээ сурсан бэ?
М: -Нийслэлийн ЧД-ийн 57-р сургуульд 1-4-р анги хүртлээ сурсан.
Сур: -Хамгийн анх дацанд ирээд Төвд хэл үзэхэд хэцүү байсан уу?
М: -Унших нь гайгүй. Харин бичих нь хэцүү байсан. Одоо бол гайгүй ээ.
Сур: -Чиний үеийн хүүхдүүд ихэвчлэн эмч, багш, жолооч болно гэж боддог шүү дээ. Чи яагаад лам болъё гэж бодов?
М: -Зүгээр л гудамжаар явж байгаа лам нарыг харсан чинь их гоё санагдсан. Тэгээд л лам болохыг хүссэн. Манай гэр бүлийнхэн лам болно гэхэд их дэмжсэн шүү.
Сур: -Лам хувцасныхаа тухай хүүхдүүдэд тайлбарлаж өгөөч?
М: -Орхимжоо зүүн мөрөн дээрээ тавьдаг. Учир нь зүүн мөрөн дээр муу муухай зүйл, чөтгөр байдаг гэж үздэг болохоор хөөж явуулахын тулд ингэж тавьдаг. Би дөнгөж наад захын юмнуудаа л үзэж байгаа болохоор бүгдийг нь сайн мэдэхгүй байна.
Сур: -Ер нь хэдэн цагийг дацандаа өнгөрүүлдэг вэ?
М: -Би дацангийнхаа дотуур байранд байдаг. Тийм болохоор өглөө 09 цагаас өдрийн 15 цаг хүртэл номоо үздэг.
Сур: -Чи гэртээ байхдаа энэ хувцастайгаа байдаг уу?
М: -Тиймээ. Дээл, орхимж хоёроо л тайлдаг.
Сур: -Ер нь лам болгон номын нэртэй байдаг шүү дээ. Номын чинь нэр хэн бэ?
М: -Одоохондоо аваагүй байгаа.
Сур: -Хэзээ авах вэ?
М: -Сайн мэдэхгүй байна. Гэхдээ хурдан авах юмсан гэж бодож байгаа.
Сур: -Хэзээнээс дацангийн дотуур байранд амьдрах болсон бэ?
М: -Хичээлдээ илүү их цаг зарцуулж, номоо сайн үзэхийн тулд дотуур байранд орсон. Одоо 3 дах жилдээ амьдарч байна. Дотуур байранд байх их гоё байдаг. Үе тэнгийнхэнтэйгээ их тоглодог.
Сур: -Чамд лам нараас чинь өөр хэр олон найз байдаг вэ?
М: -10 жилийн дотны сайн найзууд байдаг. Гэхдээ тийм ч олон биш л дээ.
Сур: -Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
М: -Тоглоом тоглоно, заримдаа номоо үзнэ.
Сур: -Ямар тоглоом тоглодог вэ?
М: -Би ширээний теннис тоглодог. Ихэвчлэн амралтын өдрүүдэд л зав гарч, тоглодог доо.
Сур: -Чиний бодлоор хүмүүс бурханд мөргөхдөө юу гэж залбираасай гэж боддог вэ?
М: -Бурханд мөргөхдөө сайн сайхан бүхнийг бодож, бүх зүйлээ даатгаж залбирах хэрэгтэй.
Сур: -Хамгийн их хүндлэж явдаг хүн чинь хэн бэ? Ер нь том болоод ямар хүн болно гэж боддог вэ?
М: -Би лам болно. Тэргүүн хамба лам Гүндсамбуу багшийгаа, ах эгч, ээжийгээ хүндлэж явдаг.
Сур: -Гэр бүлээ танилцуулаач? Тэдэндээ хандаж манай сониноор дамжуулан юу гэж хэлмээр байна?
М: -Улаанбаатарт ээж, ах эгчтэйгээ хамт амьдардаг. Одоохондоо ээж маань Төв аймгийн Лүн суманд байгаа. Ээжээ хүү нь эндээ номоо үзээд сайн сууж байгаа шүү. Тандаа хайртай шүү гэж хэлмээр байна.
Сур: -Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Танай дацан хэдийнээс ном хурж эхлэх вэ?
М: -Хуучны 25-наас номоо хурж эхлэнэ дээ.
Сур: -Битүүний өдөр ямар нэртэй ном хурдаг вэ?
М: -Битүүнд Цэдэрлхам нэртэй номоо хурна.
Сур: -Цагаан сар ойртоод ирэхээр дацангийн шавь нар бэмбэ нухдаг шүү дээ. Чи бэмбэ нухаж үзсэн үү?
М: -Би нухаагүй ээ. Төв гандангийн том лам нар маань бэмбэ нухаад дуусчихсан гэсэн. Би зүгээр л хараад өнгөрсөн. Дараа жил нухна гэж бодож байгаа.
Сур: -Тэгвэл бууз хийсэн үү?
М: -Буузаа хийсэн.
Сур: -Өмнөх цагаан сараар дацандаа байсан уу?
М: -Тиймээ. Эндээ битүүлээд, золгоод, номоо хураад байсан даа.
Сур: -Шинийн нэгний өглөөний нарыг харах нь сайн гэдэг шүү дээ. Чи үүнийг юу гэж боддог вэ?
М: -Хүмүүс сайн гэж ярьдаг. Яг сайн мэдэхгүй байна.
Сур: -Чи харж байсан уу?
М: -Жаахан байхдаа аавтайгаа хамт л харж байсан.
Сур: -Танай дацан хэдэн шавь, хэдэн багштай вэ? Энэ жил хэр хүүхэд шавилах гэж ирэв?
М: -Манай дацан 7 багш, 60 орчим шавьтай. Энэ жил 20, 30-н шавь шинээр ирсэн.
Сур: -Ер нь бусад дацангаас танай дацан юугаараа ялгаатай вэ?
М: -Манай дацангийн ариун цэвэр, орчин маш цэвэрхэн. Бас дацангийн шавь нар бүгдээрээ сурлагандаа сайн.
Сур: -Энгийн сургуультай адил танай дацанд анги гэж байдаг уу?
М: -Анги гэж байхгүй. Харин зиндаагаар нь хуваадаг. Лойрог-дээд зиндаа, Дагираг-дунд зиндаа, Дүүрэ-бага зиндаа гэж 3 хуваадаг.
Сур: -Чи аль зиндаанд нь багтдаг вэ?
М: -Би Дүүрэ зиндаанд байдаг.
Сур: -Ойролцоогоор нэг зиндаандаа хэдэн хүүхэд байдаг вэ?
М: -20-30 хүүхэд бий.
Сур: -Том болоод ямар оронд очиж үзэхийг хүсдэг вэ?
М: -Америк, Японд очиж үзэхийг хүсдэг.
Сур: -Энэтхэг явахгүй юм уу?
М: -Би 17 нас хүрээд шууд Энэтхэг явна.
Сур: -Ярилцсанд баярлалаа. Үе тэнгийн найзууддаа хандаж юу гэж хэлмээр байна?
М: -Бүгдээрээ хичээл номондоо шамдаж, сайн хүн болоорой. Гол нь ээж, аавынхаа үгэнд сайн орох хэрэгтэй шүү.
Ярилцсан Х.Содгэрэл
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


