| Мэдээлэл нэмсэн: 2011-02-15 |
Хамтлаг байгуулагдсан он: 2007 оны 12-р сарын 12
Хамтлагийн ахлагч: Б.Эрдэнэтогтох /Тогтохоо/
Дуучид: А.Гантулга /Ганзоо/, Э.Сумъяа
Гишүүд: Б.Мөнх-Од /Одко/, Д.Идэрбаатар /Идэрээ/, Б.Ганчимэг, Б.Амгалан
Урсгал: Радио драмм, тайзны драмм, уран сайхны кино, клип, дуу,
Гаргасан бүтээл: "Дурлалын хязгаарт", "Зүрхэн сарнай, "Нэг цаг" шүлгийн ном
Сур: -Сайн байна уу? Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
БТ: -Баярлалаа. "Сурагч" сонинг уншдаг хүн бүрт "Бундын тамга" хамтлагийнх нь зүгээс энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна.
Сур: -Ярилцлагаа хамтлагийн нэрнээс эхлье гэж бодож байна. Яагаад "Бундын тамга" гэж нэрлэх болсон бэ?
БТ: -Хамтлагтаа нэр өгөх гэж их бодсон. Бундын гэдэг нь зөөлөн хэрнээ, тамга гэдэг нь хатуу. Нэг ёсондоо хатуу, зөөлний уялдаа холбоо гэсэн үг. Амьдрал гэдэг өөрөө эрээн бараантай байдаг. Энэ утгаараа манай хамтлагийн уран бүтээлийг сонсож байгаа хүний зүрхэнд ухаарал, уучлал, хайрыг тамгалахыг хүссэн юм.
Сур: -Танай хамтлаг хэдэн онд байгуулагдсан бэ?
БТ: -Манай хамтлаг 2007 оны 12-р сарын 12-нд анх үүсгэн байгуулагдаж байсан.
Сур: -Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бэ, гишүүдээ танилцуулаач?
БТ: -Манай хамтлаг 7 хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн ахлагч Б.Эрдэнэтогтох 1986 оны 05-р сарын 26-нд, дуучид А.Гантулга 1988 оны 03-р сарын 25-нд, Э.Сумъяа 1991 оны 04-р сарын 20-нд, гишүүд Б.Мөнх-Од 1990 оны 12-р сарын 20-нд, Д.Идэрбаатар 1987 оны 12-р сарын 01-нд, Б.Ганчимэг 1989 оны 05-р сарын 20-нд, Б.Амгалан 1989 оны 09-р сарын 01-нд тус тус төрсөн. Ерөнхийдөө 20-24 насны залуучууд байдаг.
Сур: -Ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?
БТ: -Радио жүжиг, тайзны жүжиг, хип хоп, поп, зохиолын дуу зэрэг чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Мөн телевиз, FM-д хөтлөгч хийдэг. Удахгүй уран сайхны киноны чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Сур: -Урын сандаа хэдэн уран бүтээлтэй болоод байна?
БТ: -Ямартаа ч уран бүтээлээ хийгээд 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 50 гаруй радио жүжиг, 400-гаад шүлэгтэй болсон байна. Мөн олон дуу хийснээс гадна шүлгийн ном гурвыг гаргасан. Үзэгчдийн хүртээл болгож 3, 4 клип хийлгэж цацсан байна.
Сур: -Ер нь радио жүжиг, дуунаас гадна кино хийх бодол байна уу?
БТ: -Байлгүй яахав. Бодсон зүйл их байна. 06-р сард бид киноны зургандаа гарах бодолтой байна. Үүнээс гадна шинэ жүжиг, шинэ клипээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлдээд байна.
Сур: -Цомгоо хэзээ гаргах гэж байна даа?
БТ: -Цомог гаргах талаар ярилцаж байна. Саяхан манай "Нэг цаг" шүлгийн ном худалдаанд гарсан. Энэ номныхоо дараа цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа.
Сур: -Танай жүжиг, дуунууд сонсоход их гоё байдаг. Зохиолоо хэн нь бичдэг вэ?
Тогтохоо : -Жүжгийн зохиолоо би бичиж, найруулдаг. Манай хамтлагийн гишүүд дуу оруулж, амилуулдаг. Мөн дуугаа дуулдаг.
Сур: -Ямар нэгэн студи, продакшнтай хамтарч ажиллаж байна уу?
БТ: -Одоохондоо студи, продакшнтай хамтарч ажиллаагүй байна. Өөрсдөө Home студитэй. Жүжиг, дуу, шүлгийнхээ бичлэгээ эндээ хийдэг.
Сур: -Залуу хамтлагийн хувьд аливаа нэгэн уран бүтээл хийхэд санхүү их чухал байдаг. Танай хамтлаг санхүүгээ хэрхэн зохицуулж байна. Ивээн тэтгэгч байгууллага бий юу?
БТ: -Ивээн тэтгэгч байгууллага байхгүй. Уран бүтээлээ хийхдээ өөрсдөө бор зүрхээрээ зохицуулдаг. Ээж ааваасаа мөнгө авалгүй ном гаргаж олсон мөнгөөрөө дараагийн уран бүтээлээ хийдэг.

Ахлагч: Б.Эрдэнэтогтох /Тогтохоо/
Сур: -Хамтлагтаа шинэ гишүүн авах уу?
БТ: -Дуучин охин авна. Тэр охин их азтай байх болно. Учир нь "Бундын тамга" хамтлагийн үндсэн гишүүн болохоос гадна клип, дууг нь хийж өгч цомог гаргаж өгөх болно.
Сур: -Бусад хамтлагаас та бүхэн юугаараа давуу, ялгаатай гэж бодож байна вэ?
БТ: -Ялгаатай, давуу чанар бий. Бусад хамтлагууд зөвхөн дуулж, зөвхөн бүжиглэж, зөвхөн жүжиглэдэг бол манайх бүгдийг нь хийдэг. Ер нь урлагийн бүхий л төрөлд өөрсдийгөө сорьдог. Бид үнэхээр нэг гэр бүл шиг байж чаддаг. Нэг нэгэндээ итгэдэг.
Сур: -Та бүхэн хамт амьдардаг уу?
БТ: -Бид Дарханых болохоор байрны тал дээр хүндрэлтэй байдаг. Одоогоор бүгдээрээ 3 өрөө байр түрээслээд нэг дороо амьдарч байгаа. Ингэснээр уран бүтээлээ хийхэд их амар байдаг.
Сур: -Гадаадын кино, жүжгээс санаа авдаг уу?
БТ: -Санаа авахгүй шүү дээ. Өөрсдөө сэтгэж хийнэ. "Зарчимд баригдсанаас цамцандаа бүтэж үхсэн минь дээр" гэсэн үгэндээ дуртай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг ийм байх ёстой гэсэн онолд баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Гадаад, дотоодын кино, жүжиг үзээд санаа аваад, түүнийгээ монголчлоод хийхийг хүсдэггүй. Энэ бол цэвэр гадаад хүний сэтгэлгээг хулгайлж авчраад, монгол залуусынхаа толгойг угааж байгаагаас ялгаагүй. Бид үнэ цэнэтэй байхын тулд цоо шинээр бодож, сэтгэж уран бүтээлээ хийхийг зорьдог. Сонсогчид маань яагаад "Бундын тамга" хамтлагийн жүжгийг сонсоод уйлж, уярч, ухаарч, хүндэлж, үнэлж сонсох дуртай байдаг вэ гэхээр бид мэргэжлийн жүжигчид биш ч гэсэн зүрх сэтгэлээрээ, өөрийнхөөрөө байдаг учраас гаргасан уран бүтээл бүхэн маань хүнд хүрч чаддаг.
Сур: -Жүжгийн чиглэлээр уралдаан тэмцээнд оролцож байв уу?
БТ: -Өнгөрсөн онд "Гоо марал" наадамд жүжгийн чиглэлээр оролцсон. Шагнал, байр эзэлье гэж зориогүй. Зүгээр л өөрсдийгөө ямар түвшинд явж байгаагаа мэдэхийг хүссэн. Нөгөөтэйгүүр өөрсдийгөө сорьсон.
Сур: -Аливаа нэг юм хийхэд магтаал, шүүмжлэл хоёр дагаж байдаг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
БТ: -Шүүмжлэл гэхээсээ илүү магтаал илүү ирдэг. Магтлаа гээд хамраа сөхөөд их зан суугаад байдаггүй. Шүүмжлэлээс авахыг нь аваад, хаяхыг нь хаядаг.
Сур: -Хамгийн сайхан үеэ дурсвал...?
БТ: -Байлгүй яахав дээ. Аялан тоглолтоор явж байхад дурсамжтай, хөгжилтэй зүйлүүд их тохиолддог. Тоглолтыг таамаглашгүй их хүн үзээд баярлаж байхад, заримдаа цөөхөн хүн үзээд шатах үе ч байсан.

Дуучин: А.Гантулга /Ганзоо/
Сур: -Хаагуур аялан тоглолтоо хийсэн бэ?
БТ: -Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Хөтөл, Сэлэнгэ, Архангай зэрэг аймгууд хотууд байсан.
Сур: -Удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байна. Танай хамтлагийн зүгээс сонсогчиддоо ямар бэлэг барих гэж байна?
БТ: -Манай хамтлагийн зүгээс "Анхны хайрын түүх-2", "Тоглогч" жүжгүүдийг сонсогчиддоо хүргэнэ. Сүүлд "Хувь тавилангийн төгсгөлд", "Андрадин" гэсэн жүжгүүдээ сонсогчдын хүртээл болгосон. Мөн дүү хамтлагийн маань "Найз охин ажилд авна" гэсэн шинэ жүжиг гарна.
Сур: -Дүү хамтлагийнхаа талаар...?
БТ: -Дүү хамтлаг гэдэг нь "Бундын тамга-2" гэсэн үг л дээ. Бидний уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэж ойлгож болно. Гэхдээ үндсэн "Бундын тамга" хамтлагийг тарсан гэж ойлгож болохгүй. Бид уран бүтээлээ хийсээр байх болно. Манай дүү хамтлаг маань 10 гаруй гишүүнтэй. 16-20 насны охид хөвгүүд байгаа.
Сур: -Ер нь та бүхэн валентины өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?
Тогтохоо: -Миний хувьд 4 жил найз охингүй явсан. Өнгөрсөн жилүүдэд хүнээс л дандаа шоколад авдаг байж. Энэ жил найз охинтой болсон. Түүнтэйгээ өнгөрөөх байх.
Ганзоо: -Найз охиндоо шоколад цэцэгтэй бэлэглэнэ дээ.
Сумъяа: -Бусдын жишгээр шоколад авч, өгдөг байсан.
Сур: -Бүгдээрээ найз охинтой юу?
БТ: -Бүгд найз охинтой.
Сур: -Гэгээн хайрын өдрөөр найз охиддоо ямар бэлэг өгөх гэж байна?
Тогтохоо: -Найз охиндоо шүлэг зохиож өгнө. Шүлэг гэдэг чинь өөрөө мөнхийн бүтээл. Хаана ч явсан дурсамжтай байдаг. Зөвхөн тэр хүнд, өөр хэнд ч биш. Цорын ганцхан. Мөн шоколад өгөх байх.
Ганзоо: -Валентины гол утга нь шоколад байдаг. Ер нь шоколадны баяр шүү дээ.
Тогтохоо: -Яагаад шоколадны баяр гэж. Гэгээн хайрын өдөр шүү дээ.
Ганзоо: -Тэр нь ч тийм л дээ. Ер нь хайртай хосууд болгон шоколад солилцдог. Энэ өдөр дэлгүүрийн шоколад их гүйж, орлого их олдог шүү дээ. Одоохондоо найз охиндоо юу өгөхөө мэдэхгүй байна.
Сумъяа: -Би бол өгөхгүй ээ, авна. Миний хувьд цагаан сараар хүн бүр золгодогтой адил валентины өдөр хосууд шоколад солилцдог. Би эхнэртээ зориулж дуу зохиосон. 02-р сарын 14-өөс өмнө гаргана даа.

Дуучин: Э.Сумъяа
Сур: -10 жилд байхдаа валентиныг хэрхэн тэмдэглэдэг байв?
Тогтохоо: -10 жилд үерхдэггүй байсан. Ангийнхаа, сургуулийнхаа хосуудад "Гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэдэг байсан. 4 жилийн өмнө амьдралдаа анх удаа найз охинтойгоо валентины баярыг тэмдэглэсэн. Миний амьдралын хамгийн сайхан мөч, хэзээ ч мартахгүй. Харин FM-д ажилласнаасаа хойш охидоос шоколад их авдаг болсон.
Ганзоо: -Манай сургууль 02-р сарын 14-нд тусгай үйл ажиллагаа явуулдаг байсан. Ерөнхийдөө гадуур хоол идээд, ээмэгтэй хамт ил захидал өгдөг байлаа.
Сумъяа: -Валентины баярыг бараг тэмдэглэж байгаагүй. Тухайн үед анги дотроо хос болоод бэлэг солилцдог байсан. Өөрөө нэг модон чихэр өгөөд, шоколад авчихдаг байсан. /инээв/
Сур: -Хамгийн дээд тал нь хэдэн шоколад авч байсан бэ?
Тогтохоо: -Дарханы FM-д ажилладаг байхдаа 8 шоколад авч байсан. Хэдэн шоколад авч гээд 1, 2, 3...гэж тоолж билээ. Миний үед WISPA гэдэг шоколад моданд ордог байлаа ш дээ.
Ганзоо: -Нэлээн авдаг байсан. Би 10 жилд байхдаа найз охиноосоо 2-3 ширхэг шоколад хайлуулаад зүрхэн хэлбэрт оруулсан том шоколад авч байсан. Тэр үед их баярласан шүү. Одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм.
Сур: -Хайр гэж та нарын бодлоор?
Тогтохоо: -Ганц үгээр тодорхойлвол "Салхи". Нөгөө талаараа гуравдагч бие. Эрэгтэй эмэгтэй хоёрын уялдаа холбоог нэг цэгт барьж чаддаг зүйл бол хайр. Гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй ч гэсэн хайр хүн хүнд ирэхдээ өөр өөр зан араншинтай байдаг. Хайрыг бол зуны нар жаргасны дараа бороо ороод, солонго татаад, бүлээн ч юм шиг, хүйтэн ч юм шиг салхи үлээхтэй адилтгаж, зүйрлэнэ дээ.
Ганзоо: -Хайр бол миний хувьд оньсого.
Сумъяа: -Хайр бол биегүй хэрнээ хүнийг зовоож бас жаргааж чаддаг.
Сур: -Анхны хайртайгаа учирсан уу?
Тогтохоо: -Одоогоос 4 жилийн өмнө нэг охинд сэтгэл алдраад, захиа бичиж байлаа. Миний анхны хайрын эзнийг Солонго гэдэг байсан.
Ганзоо: - Учралгүй яахав. "Уйллаа шүү" дууны маань эзэн миний анхны хайр байсан. Дуун дээр гарч байгаа үг бүхэн үнэн.
Сумъяа: -Анхны хайртайгаа гэрлээд, оны өмнөхөн хөөрхөн охинтой болсон.

Гишүүн: Б.Ганчимэг
Сур: -Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг үү, дурлаж байсан уу?
Тогтохоо: -Автобусанд нэг охинд дурлаж байсан. Тэр охин нэг л хөөрхөн, дотроосоо гэрэлтээд л. Тухайн үед нэг залуутай юм яриад л яваад байсан. Эхэндээ би найз залуу нь юм байна даа гэж бодсон чинь ярианаас нь биш болоод явчихсан. Магадгүй тэр охинтой танилцсан бол би сайн болчих байсан байх. Зан ааш нь нэвт гэрэлтдэг хүмүүс байдаг ш дээ. Нэг л төгс.
Мөн өмнө нь үерхэж байсан Сокодоо анхны харцаар дурлаж байсан. Одоо тэр маань гадаадад сурдаг юм.
Ганзоо: -Анхны харцаар дурлаж үзээгүй. Шохоорхож байсан. Анхны харцаар дурлана гэдэг зүйл утгагүй гэж боддог.
Сумъяа: -Ганзоотой санал нэг байна. Анхны харцаар дурлаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Дурлаж үзсэн хүн байгаа байх. Би бол дасаж, дурлаж байсан.
Сур: -Ямар охид таалагддаг вэ?
Тогтохоо: -Хүн дотроосоо гэрэлтдэг бол гаднаасаа ч бас гэрэлтдэг. Жаахан зөрүүд, эршүүд талдаа мөн эмэгтэй хүн хөөрхөн байх хэрэгтэй. Хэдийгээр гаднаа уурлаад, загнаад, хэрэлдээд байгаа ч гэсэн цаанаа аягүй хайртай байдаг. Тийм л эмэгтэй хүн байгаасай гэж хүсдэг. Гэхдээ хэтэрхий зөрүүд байвал хэцүү.
Ганзоо: -Өөрийнхөөрөө, намайг ойлгодог байх хэрэгтэй. Нүүрээ хэтэрхий их буддаг охидод дургүй. Өөрийгөө мэдрээд, будгаа тааруулж хэрэглэх ёстой. Нэг сонирхолтой явдал ярья. Би нэг удаа дэлгүүр дотор хөөрхөн охинтой танилцсан. Тэр нүүрээ будаагүй байсан. Тэгсэн чинь тэр охин "Би гялс гэр рүүгээ ороод ирье" гээд гүйгээд явчив. Тэгээд гараад ирсэн чинь аймаар будчихсан байсан. Тэгсэн чинь таалагдахаа больчихсон ш дээ. /инээв/
Сумъяа: -Даруухан, ухаантай, цэвэрч, нямбай охид таалагддаг.
Сур: -10 жилдээ хайрын захиа хэр их авдаг байсан бэ?
Тогтохоо: -Би хайрын захианы мастер байсан. 4,5-р ангид байхад дээд ангийн ах нар намайг чихдэж дуудаж ирээд нэг баавгайтай чихэр, хоёр мортал өгөөд хайрын захиа бичүүлдэг байсан. Шинэ 2 мортал хараад уран яруу үгийг урсгана шүү дээ. Миний бичсэн захидлыг агаа нар сайн болсон охиндоо өгөөд, дараа нь харахад хөтлөлцөөд явдаг байсан. "Би чамд хайртай" захидлын номондоо хуучнаа сэргээсэж оруулж байгаа.
Ганзоо: -10 жилдээ нэлээд сахилгагүй хүүхэд байсан. Хүүхэд насны үерхэд гэдэг бол цагаахан, гэгээн байдаг.
Сумъяа: -Миний бичгийг хүмүүс ер нь ойлгодоггүй байсан байх. Би бол захиа өгч байгаагүй. Нэг хүнд зориулж дуу зохиож байсан. Одоо ч гэсэн тэр дуу явдаг.

Гишүүн: Б.Мөнх-Од /Одко/
Сур: -Та бүхэн аль дунд сургуулийг төгссөн бэ?
Тогтохоо: -Би Баянхонгор аймгийн 2-р сургуульд 6-р анги хүртлээ суралцсан. Дарханд шилжиж ирээд "Жигүүр" цогцолборын 16-р сургуулийн түүх-нийгмийн тэнхимиж оруулж байгаа. Н.Уранчимэг багштай тооны гүнзгийрүүлсэн 7-а ангид ороод, 2004 онд төгссөн.
Ганзоо: -Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Б.Энхтуяа багштай 10-б ангийг төгссөн.
Сур: -Та бүхэн өөр ямар авьяастай вэ?
Ганзоо: -Бага байхдаа би аэробек, реп бүжгийн хамтлагтай байсан. Бүжгийн тэмцээнд их оролцдог байлаа. Волейболоор аймгийн аваргын мөнгөн медальтай. Би спортод их хайртай.
Тогтохоо: - Аав маань шатар сайн тоглодог хүн байлаа. Надад их зааж өгдөг байсан. Тэгээд л шатар тоглох их дуртай болсон доо. Спортод их элэгтэй. Урлагт бол бүр илүү. Зохиолын дуу их дуулдаг байлаа. Урлагийн үзлэгт их ордог байсан. Би их сонин хүн ш дээ. Урлагт зөндөө олон жил зүтгэчихээд диплом, медаль цуглуулаагүй. Би ёстой бүжиглэж чаддаггүй, эвсэлгүй.
Сумъяа: -Зураг зурж, шүлэг бичиж, гитар тоглодог.
Сур: -10 жилд байхдаа ямар хичээлдээ дуртай байсан бэ?
Тогтохоо: -Би 10 жилдээ сүрхий онц сурдаг хүүхэд байгаагүй. Геометр, газарзүй, түүх, нийгмийн хичээлдээ сонирхолтой байсан. Геометртээ сайн хэрнээ математиктаа тааруу байсан. Сонин байгаа биз. Хүн хичээлээс зөндөө олон шинэ зүйлийг сурч авдаг юм билээ.
Ганзоо: -Хими, биологи, монгол хэлний хичээлдээ сайн байсан. Багш нар маань гоё заадаг байлаа. Манай ангийн багш химийн багш байсан болохоор их хичээдэг байсан.
Сумъяа: -Биеийн тамир, уран зохиол, хөдөлмөрийн хичээлдээ дуртай байсан. Энэ хичээлүүдийг орохыг их хүлээдэг байсан.
Сур: -Танай хамтлагийн ихэнх нь FM-д хөтлөгч хийдэг. Энэ талаараа?
Тогтохоо: -Дарханы Лха тэнгэр fm-107.5, Залуусын fm-104 зэрэг радионоос хөтлөгч болох гаргаагаа эхлэж байлаа. Одоо бол "Их монгол" fm-99.7-д хөтлөгч, найруулагч хийдэг. Манай хамтлагийн гишүүн Одко маань КУДС-д найруулагчийн 2-р курст сурдаг. Идэрээ Дархан-Уул аймагт цахилгааны инженер мэргэжлээр төгссөн.
Ганзоо: -Адилхан, Дарханы Олон нийтийн радио 106-д хөтлөгчөөр орж байсан. Одоогоор Royal fm-98.9-д хөтлөгчөөр ажилладаг.
Сумъяа: -Би гитарын сургалт явуулдаг. Хүүхдүүд маань дэлгэрэнгүй мэдээллийг www.bundiintamga.tk хаягаас аваарай.

Гишүүн: Б.Амгалан
Сур: -Дарханаас ирж Улаанбаатарын урлагийн ертөнцөд өрсөлдөхөд хэр хэцүү байв?
Тогтохоо: -Анх бид Дархандаа хүмүүст танигдахын тулд их мэрийж байлаа. Дараа нь Эрдэнэт болон бусад аймгуудад тоглолтоо хийж байсан. Улаанбаатар бидний хувьд асар том талбар байсан. Тамирчид олимпд явахаасаа өмнө өөрсдийгөө бэлддэг шүү дээ. Үүнтэй адил бид Дарханд 15 жүжиг, 2 шүлгийн цомирлог, "Хайрын орон зай" нэвтрүүлгээ бэлэн болгочихсон байсан. Ийм байсан болохоор бид санасандаа хүрсэн. Одоо өөрсдийгөө телевизийн чиглэлд бэлдэж байна.
Сур: -Анхны уран бүтээл чинь юу байв?
Ганзоо: -"Надаас бусдад дурла" гэсэн жүжиг байсан.
Сур: -Амьдралын нэг хэрэгцээ бол мөнгө байдаг. Мөнгө та нарын бодлоор...?
Тогтохоо: -Мөнгө бол хэрэгцээ. Шунаад байдаггүй. Зөв зүйлд зарцуулахыг хичээдэг. Залуу хүн болохоор хааяа их үрэлгэн байдаг. Ер нь олвол үрчих гээд байдаг байсан. Одоо бол бага ч гэсэн зохицуулахаа ойлгодог болсон.
Ганзоо: -Одоо л мөнгийг мэдэрч эхэлж байна. Дарханд гэртээ ээж аавтайгаа байхдаа мөнгийг тоодоггүй байж. Улаанбаатарт ирснээр мөнгөний хэрэгцээ эрс нэмэгдсэн. Би жаахан эдийн сонирхолтой л доо. Үрэхээсээ өмнө гялс өөртөө юм авчихдаг зантай.
Сумъяа: -Хамгийн гол хэрэгтэй хэрэггүй зүйлд бус яг хэрэгцээтэй зүйлд мөнгийг зарцуулах хэрэгтэй. Хэрэгцээгүй зүйлд хэтэрхий их үрвэл мөнгө чамайг эргүүлээд шоглоно. Энэ нь хичнээн их хөдөлмөрлөсөн ч мөнгө орох дургүй болчихдог гэсэн үг. Ер нь чоно, туулай болоод хөөцөлддөг шүү дээ. Тиймээс багаасаа мөнгийг хямгатай, зөв зарцуулах хэрэгтэй.
Сур: -Танай хамтлдаг бол хайрын талаар илүүтэй өгүүлдэг. Тийм болохоор уншигч хүүхдүүдэд маань бяцхан зөвлөгөө өгөхгүй юу?
Тогтохоо: -60-аад оныхоо сэтгэлгээнээс манайхан одоо л гарч байна. Хөвгүүд нь гуйж, охид нь гуйлгах ёстой гэсэн бодолтой байсан. Энэ бол буруу. Нийгэм хөгжиж байна. Охид хөвгүүд гэсэн байр суурь байлгүй яахав. Гэхдээ охид маань шууд "Би чамд хайртай. Хоёулаа үерхэе. Чи зөвшөөрөөч, Батаа" гэвэл жаахан эвгүй байх л даа. Гэхдээ сэтгэлээ ойлгуулах хэрэгтэй. Ингэлээ гээд охид маань муухай болчихгүй. Тэр хөвгүүн тэнэг биш бол ойлгоно. Валентины баяраар бие биедээ сэтгэлээ чөлөөтэй илчлэх хэрэгтэй. Тэр тусмаа бүгдээрээ захиаг моданд оруулъя. Захиа бол үнэхээр гоё. Хайр сэтгэл чиний гараас тавиад яваад өгч болно. Чи араас нь очиж барих шаардлагагүй. Түүнийг үнэн сэтгэлээсээ буцааж дуудахыг тулд та дотроо итгэх ёстой. Хайр буцаад заавал ирдэг юм билээ. Хайр гэдэг өөрөө хамгийн үнэ цэнэтэй дээрээ хамгийн нандин байдаг. Бид энэ дэлхий дээр амьдарч байхдаа хайр гэдэг гуравдагч ертөнцтэй холбогдож чаддаг. Энэ бол давуу чанар.
Сумъяа: -Бие биедээ итгэх хэрэгтэй. Итгэж байж хайр бат бөх болдог. Гэгээн хайрын өдрийг хэзээ ч мартагдахааргүй, аз жаргалтай тэмдэглээрэй.

Гишүүн: Д.Идэрбаатар /Идэрээ/
Сур: -"Сурагч" сониныхоо уншигч дүү нартаа хандаа та хамтлагийн зүгээс...?
Тогтохоо: -10 жилд байхад манай анги "Сурагч" сониныг их уншдаг байсан. Тухайн үед өөрөө ярилцлага өгнө гэж бодож байгаагүй. Ярилцлага өгсөндөө их баяртай байна. Уншигч дүү нар маань хичээлээ сайн хийгээрэй. Бүгдэнд нь гэгээн валентины мэндийг хүргэе!.
Сур: -Манай сониноор дамжуулж хайртай хүмүүстээ сэтгэлийн үгээ хэлэхгүй юм?
БТ: -Юуны өмнө төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн аав ээж, ах эгч нартаа, жаргал зовлонгоо хамт хуваалцдаг найзууддаа баярлалаа.
Сур: -Сүүлийн асуулт. "Бундын тамга" хамтлагийн цаашдын зорилго...?
БТ: -Бид телевизийн орон зайд өрсөлдөнө. өөрсдийн хийж чадах бүхнээ харуулах болно. Бидний зорилго тодорхой байгаа. Ганцхан зүйлд туйлшрахгүй. Урлагийн олон салбарт өөрсдийгөө сорих хүсэлтэй байна. Үүний тулд хичээнэ, хөдөлмөрлөнө, зорино. Бүхнийг цаг хугацаа л харуулна даа.
Сур: -Ярилцсанд баярлалаа. Танай хамтлагийн цаашдын уран бүтээлд амжилт хүсье!
БТ: -Баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье!
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


