| Мэдээлэл нэмсэн: 2011-02-16 |
Алдарт "Tell me why" дууг хэвлүүхэн нь аргагүй дуулсан 11-15 настай дөрвөн жаалыг ирээдүйдээ мундаг дуучид болох нь гэж өхөөрддөг.
Хэдийгээр тэд жижигхэн ч урын сандаа чамгүй олон дуутай. "Бид Goodboys" нэртэй клиптэй ч болсон. Тэгвэл тэд энэ удаад "Goodboys" хамтлагийнхан "Аса" циркт энэ сарын 14,15-нд 19.00 цагаас бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Мөн тус хамтлагийнхан анхны бие даасан "Хайр ирлээ" нэртэй цомгоо гаргаад байгаа. Ингээд "Goodboys" хамтлагийн ахлагч Б.Мөнхбаатартай уулзан тоглолт, уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Юуны өмнө цомгоо гаргасанд баяр хүргэе. Мэдээж та нарт цомгоо гаргахад чинь томчууд тусалсан биз дээ?
-Манай цомгийг "DX" продакшн 100 хувь хариуцан гаргасан. Мөн хөгжмийн найруулга дээр Байдраг ах, Эрдэнэбаатар багш маань, "Нэгүүн" хамтлагийн Оки ах гээд олон хүмүүс ажилласан. Цомог 11 дуутай. Өмнө нь хүүхдийн дууны цомог гэхээр энгийн дан хүүхдийн дуунууд багтсан байдаг байсан бол бидний цомог өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүх л сэдвийн дуунуудыг мэргэжлийн хэмжээнд дуулан багтаасан.
-Анхны тоглолт болно гээд сэтгэл өндөр байгаа биз дээ?
-Тийм ээ, маш өндөр байна. Өглөө эрт есөн цагаас тоглолтын бэлтгэлдээ ороод орой 11 цаг болтол хийж байгаа.
-Өнгөрсөн жил хүүхдийн ордонд тоглолтоо хийж байсан шүү дээ? Энэ тоглолтынхоо талаар?
-Тэр үед бид "Хүүхдийн ордон"-ы дугуйланд явдаг байхдаа сонирхлоороо тоглолтоо хийж байсан. Энэ удаад бол мэргэжлийн хэмжээний анхны бие даасан шоу тоглолт маань юм. Монголын том том одууд урлагийнхан ямар тоглолт хийдэг үү тийм л хэмжээний тоглолт хийнэ.
-Танай хамтлаг анх хоолой шаардсан сонгодог дуунууд дуулж байсан шүү дээ. Яагаад энэ дуунуудыг сонгох дуулах болов оо?
-Анх тэмцээнд оролцох гээд сонгодог дуунууд дуулж байсан. Одоо төрөл бүрийн дуу дуулдаг ч поп урсгалаар уран бүтээлээ хийж байгаа.
-Одоо "Хүүхдийн ордон"-доо хичээллэж байгаа юу?
-Хичээллэхгүй байгаа. Манай хамтлагийнхан анх цэцэрлэгт байх үеэсээ хүүхдийн ордонд Ганчимэг багшийн дууны дугуйланд явдаг байсан. 2006 онд "Next star" хүүхдийн улсын тэмцээнд дөрвүүлээ хамтлаг төрөлд нэгдэн анх удаа оролцож байсан.
-2010 оноос "DX" продакшнтай хамтран ажиллаж эхэлсэн. Өмнө нь уран бүтээлээ хийхэд хаанаас дэмжлэг авдаг байсан бэ?
-Өмнө нь аав, ээжээсээ дэмжлэг аван уран бүтээлээ хийдэг байсан. Харин "DX" продакшнтай хамтран ажиллах гэрээ хийснээс хойш бүх зүйлийг тэд хариуцан ажиллах болсон.
-Хэдэн жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа вэ?
-Анх хоёр жилийн гэрээ байгуулсан ч гэрээгээ дуусахаар цаашид хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Хоёр жилийн хугацаанд та нарыг ямар амжилтад хүргэнэ гэж "DX" продакшн амласан бэ?
-Цомгоо гарган, тоглолт хийнэ. Мөн цааш цаашид улам илүү ажиллана уран бүтээлээ тууштай гаргана гэж ярилцсан. Ирэх дөрвөн сард гэрээ байгуулсны нэг жил болно. Нэг жилийн хугацаанд бид хэр амжилтад хүрсэн дараа жилдээ хоёр, гурав дахин илүү амжилтад хүрэхийг хичээх болно. Маш олон уран бүтээлийн үзэгч, сонсогчдодоо хүргэх болно оо. Бид одоогоор долоон клип, анхны шинэ цомогтоо орсон 11 дуу, үзэгчдийн хүртээл болоогүй хэдэн шинэ уран бүтээл байгаа.
-Тоглолтод хичнээн дуу дуулагдах вэ?
-Өөрсдийнхөө урын сангаас 11 дуугаа мөн өмнө нь үзэгчдийн хүртээл болж байсан алтан үеийн дуучид болон хөвгүүдийн хамтлаг "Камертон", "Номин талст" хамтлагуудын дуунуудаас болон гадаадын хамтлагийн уран бүтээлээс хүргэнэ.
-Хамтлагийн дөрөв аль сургуульд сурдаг вэ?
-Манай хамтлагийн Б.Тэлмүүн, Д.Очсүрэн хоёр "Монгени" цогцолборын долоодугаар ангид, О.Жаргал 44 дүгээр сургуулийн тавдугаар ангид, би 45 дугаар сургуулийн аравдугаар ангид сурдаг. Бид насны зөрөөтэй ч хоорондоо маш сайн ойлголцдог.
-Мэргэжлийн хэмжээнд тоглолтоо хийнэ гэсэн шүү дээ. Та нарыг мэргэжлийн дуучин хэмжээнд ойлгож болох уу?
-Бид мэргэжлийн сургуульд нь сурч төгсөөгүй. Гэхдээ мэргэжлийн хэмжээний ах эгч нараасаа хажууд нь суралцаад явж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн хэмжээний дуу гаргахыг маш их хичээн ажиллаж байгаа. Манай хамтлагийнхан амьд хөгжмөөр хичээллэх маш их сонирхолтой. Удахгүй бие даан нэг нэг хөгжмөөр хичээллэж эхэлнэ. Бид ирээдүйд Азидаа Монголынхоо нэрийг гаргахыг хүсдэг.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


