| Мэдээлэл нэмсэн: 2011-02-16 |
Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа тоглож буй "Парисын дарь эхийн сүм" тоглолтын өмнө Монгол улсын ардын жүжигчин П. Цэрэндагватай ярилцлаа.
-Манай редакцийнхан хамгийн сайхан хос хэн бэ гэж санал асуулга явуулахад таны эхнэр Мэндбаяр гуай та хоёрыг гэж олон хүмүүс нэрлэсэн юм. Хоёулаа жүжигчний мэргэжилтэй, хувийн амьдрал гэж бараг байдаггүй ийм хүмүүс ар гэрээ яаж авч явдаг байсан бол ? -Танай редакцийн хамт олонд манай гэр бүлийн тухай ингэж ажиж, харж, яриа өрнүүлсэнд гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлэх ёстой. Үүнийг гэр бүлд маань үзүүлж буй итгэл сэтгэл гэж ойлгож байна. Нөгөө талд нь бид хоёрт юу үлдэх вэ гэхээр та бүхний энэ итгэл сэтгэлийг даах хүний ноён нуруутай явахыг эрмэлзэж байна даа. Түүнээс биш бид хүмүүст үлгэр жишээ болъё гэж гэр бүлээ зохиогоогүй. Бид хүний дайтай амьдаръя, үр хүүхэддээ өвөг дээдсээсээ уламжилж авсан амьдрах ухааны хэлтэрхий амин ухааныг чадахынхаа хэрээр угжая, унасан газартай унах газартай гэдгийг ойлгуулъя гэж л хичээж зүтгэж явна даа.
-Ингэж хүсдэг ч гэсэн чадахгүй байгаа хосууд байдаг шүү дээ?
-Хайр сэтгэл урин дуудаж учруулдаг ч гэсэн ухаанаар залж, хүлээцтэй байхын тэсвэр тэвчээр гэж нарийн юм байдаг. Залуучууддаа ханиа зөв сонгох л хамгийн чухал шүү гэж хэлнэ дээ.
-Театрын уран бүтээлчид ихэнх нь залуучууд байгааг анзаарлаа л даа. Залуучуудтай ажиллах ямар вэ?
-Нэг үеэ бодвол театрын бие бүрэлдэхүүнд залуус олон болсон. Энэ бол үнэхээр олзуур-хууштай. Хүний амьдрал гурван цагийн орчил дунд л өнгөрдөг. Залуу хүний бодол хүсэл эрмэлзэл, эрч хүч олж ирнэ гэдэг бол театр энэ цаг үеэ мэдэрч, дараагийн үедээ халаагаа өгөх бэлтгэл болдог учраас залуучууд олон байгаад би их сэтгэл өег явдаг юм. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Юу гэхээр Монголын орчин цагийн театрын урлагийн үндэслэгчидтэй хамтран ажиллаж байсан, тэдний дараагийн үе, залуу үеийнхэнтэй одоо хамтарч ажиллаж байна. Ийм хэлхээ холбоонд ажилах хувь тэр болгон хүнд тохиолддог ч юм уу, үгүй ч юм уу. Миний л хувьд дэндүү азтай, хариуцлагатай, бас зүтгүүртэй цаг үе гэж боддог.
-Таны тоглож буй "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Фролло хамбын дүр маш зөрчилтэй дүр юм шиг санагдсан. Тоглож буй дүрээ хамгийн их ойлгож, мэдэрдэг хүн жүжигчин хүн. Фролло хамбад сайн тал бий юу?
- Чамд сайн тал ажиглагдав уу?
- Муу хүн байдаггүй гэж ярьдаг. Магадгүй хамба өөрөө өөртөө зөв хүн байх.
-Мэдээж хүн өөрөө өөртөө л зөв байдаг. Виктор Хюгогийн "Парисын дарь эхийн сүм" жүжгийг манай театр 80 жилийн ойн босгон дээрээ тайзнаа тавьж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Энэ жүжиг нэгэн шинэ үзэгдэл болж орж ирсэн. Найруулагч Н.Наранбаатар зориуд энэ жүжгийг авахдаа зүгээр нэг сонгодог жүжиг тавих хүсэлдээ хөтлөгдсөн хэрэг биш. Үүнийг нэлээн бодлоготойгоор тавьсан нь театрынхаа ойд барьж буй нэг бэлэг төдийгүй уран бүтээлчдийн хувьд өсч дэвжихэд , шинэ санаа, шинэ бодол, шинэ хүч, эргэцүүлэл авчирахад түлхэц болсон гэж боддог. Фролло бол зүгээр нэг сөрөг талын дүр биш. Виктор Хюгогийн зохиолын Фролло хамбын дүрийг хэдэн жарны турш өнгөрсөн нийгмийн унаж байгаа нэгэн үеийн төлөөлөл мэт үзүүлж харуулж ирсэн. Гэтэл хүн ямар ч үед өөрөө өөрөөсөө бурууг эрж хайдаггүй. Үүнтэй адил Фроллод ч хүнийхээ хувьд эрхэмлэн дээдэлдэг зүйл бий. Ямар ч хүнд байдаг шүү дээ. Монголын театрын тайзан дээр мюзикл хэлбэрээр орж ирсэнээрээ их онцлогтой. Уран бүтээлч Цэрэндагвын хувьд энэ дүрийг харахдаа бодож эргэцүүлэх олон зүйл гарсан. Арай өөр өнцгөөс харах гэж хичээсэн. Тэр нь гол зохиол, найруулагчийн харж буй өнцгөөс зөрсөн. Зохиолыг нь та лав уншсан байх. Зохиол дээр хамба цыган хүүхнийг чөтгөр шулмаар хараасаар Квазимодогийн гарт үхдэг. Гэтэл миний Фролло бол хамгийн сүүлд өөрийгөө егүүтгэж дуусдаг. Хүнд өөрийгөө егүүтгэх шиг хүнд шийтгэл, эрсдэл ч гэдэг юмуу ийм зүйл байхгүй гэж би боддог. Гэхдээ ухамсартайгаар өөрийгөө золино гэдэг бол тэр бүр хүний хийдэг шийдэл ч биш, зориг ч биш. Үүнд л Фроллогийн сайн тал байгаа.
-Жүжгийг ингэж төгсгөх нь таны санаа байсан уу эсвэл найруулагчийн уу?
-Үүнийг зохиолыг задлахаас эхлээд л ярьж эхэлсэн. Найруулагч маань жүжгийг зохиолд гардаг шигээр төгсгөх бодолтой байсан ч ингэж төгсгөх нь миний санаа байсан юм. Зөндөө маргалдсан л даа. Гэхдээ бид жүжгээрээ орчлонд хамгийн үнэтэй цэнтэй, дийлдэшгүй хүчтэй зүйл хайр л байна гэж дуугарах гэж эрмэлзсэн. Тийм учраас амьдралдаа анх удаа эмэгтэй хүний гоо сайханд унаж, дурлан хамаг юмаа зориулсан Фролло хамбын эцсийн шийдэл энэ байж таарна. Фроллогийн хувьд амьдралдаа үзсэн хамгийн ариун гэгээн зүйл нь өөрийнх нүдэн дээр үгүй болоход амьд явах ямар ч юм үлдэхгүй гэж бодсон.
-Та түрүүн зурагт үзэх дургүй болсон гэж ярьж байсан?
-Яагаад зурагт үзэх дургүй болж байна гэдэгт байгаа юм л даа. Бид зурагтаар мэдээлэл авч, хажуугаар нь амрах ёстой. Ажил, ажил гэж явсаар орон гэртээ ирээд нэг аятайхан юм үзэх ёстой биз дээ. Сүүлдээ бүр зурагт үзэх ямар ч сонирхолгүй болж байна. Мэдээ үзье, нэг аятайхан юм үзье гэхээр л аваар осол, хулгай дээрэм, алаан байх юм. Энэнээс өөр бид нарт сонсч, гэгээрч, үзэж харах юм байхгүй болсон юм уу. Сонин ч ялгаагүй. Үзэж харж, сонсч, уншиж буй мэдээ мэдээлэлдээ бид дарангуйлагддаг болчихоод байна шүү дээ. Гэтэл энэ мэдээлэл гэдэг чинь голчийг нь олж харахгүй тэнцвэрийг нь хадгалахгүй бол сайн зүйлд хүргэхгүй.
-Та тэгээд зурагтаар юу үзэх үү?
-Зарим нэг сонирхолтой суваг бий л дээ. Миний насныхан бол мэдээлэл дундаас өөртөө хэрэгтэйг олоод авчихдаг болсон. Яагаад би ингэж хэлээд байна гэхээр элдэв долоон гэмт хэрэг, хулгай дээрэм нэвтрүүлэх нь хойч үеийнхэнд гарын авлага болж байгаа гэдгийг хийж буй бүх хүмүүс ойлгох хэрэгтэй.
-Тоглолт үзээд сууж байхад үзэгчид харьцангуй залуу хүмүүс байх юм.
-Би үүнд баяртай байна. Залуучууд маань сонгодог бүтээл үзэхээр цаг заваа гарган ирж байгаа нь юу нь буруу байх вэ. Театрыг ариун сүмтэй зүйрлэдэг. Залуус их орж байвал ариусахын, элдэв мэдээллээс ангижирч, ирээдүйдээ итгэлтэй болохын гэрэл гэгээ гийж байна гэж сэтгэл өег хүлээж авна.
-Театрын тоглолт бүтээл залуусын эрж хайж, хүсч буй тэр зүйлийг өгч чадаж байгаа болов уу?
-Тэр бол өөр асуудал л даа. Би хүн хүний бодлыг төлөөлж юм хийнэ гэж байхгүй. Иргэний хувьд эмзэглэж явдаг зүйлээ уран бүтээлчийн аргаар илэрхийлэн гаргах тохиолдол бүхэнд л би зүтгэдэг. Тухайн үзэгч юугаар оюунаа баяжуулж, юу үзэж юу сонсох нь тухайн хүний л асуудал. Харин театр гэдэг бол үзэгчтай амьд холбоотой байж, алдаж онох, сэрж сэтгэх, хийж бүтээх зүйл дээр аль алиндаа өгөөжтэй байдгийн хувьд театр оршин тогтдог.
-Та уран бүтээлч хүнийхээ хувьд бусад уран бүтээлчдийн бүтээл, хошин шоу тоглолт, эсвэл дуурь үздэг л байх?
-Мэдээж дуурь үзэхгүй байна гэж юу байх вэ. Хошин тоглолтыг ч мөн үздэг. Тэрнээс тэр нь ийм энэ нь тийм гэж ялгадаггүй. Аль аль нь л урлагийн төрлүүд шүү дээ.
-Жирийн үзэгчийн хувьд сүүлийн үеийн монгол кинонуудыг үзэх дургүй болсон. Нэг л тийм модон үг хэллэгтэй болсон санагдаад байдаг?
-Энэ бол мэргэжлийн уран бүтээлч бол¬гоны эмзэглэж буй зүйл. Бид мэдээллийн даран¬гуйллын үед амьдарч байна. Үүнийг дагаад монгол хэл хөгжил рүүгээ явж байна уу, мөхөл рүүгээ явж байна уу гэдэг анхаарах амин чухал зүйл яах аргагүй мөн. Урьд нэг үг алдсаны төлөө утгын алдаа гарлаа гэж арга хэмжээ сонсдог үе байсан. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал чинь тийм ч хязгааргүй дураараа туучихын нэр биш, тэр дундаа эх хэлээрээ тоглохын нэр огтоос биш гэдгийг хэн хүнгүй бодох ёстой. Амандаа орсон үг бүхнийг аялдан дагаж тургисаар байгаад энэ хэл гэдэг юм чинь хэцүү болж байна шүү дээ. Харин киноны хувьд залуучууд маань хийж бүтээж байна. Үүнийг би огтоос үгүйсгэдэггүй. Хийж буй хүнд алдаа оноо байдаг шүү дээ. Харин хэлний асуудал дээр хамгийн их эмзэглэдэг. Даяаршил гэж даган дуурайж байгаа энэ үед монголоор үлдэх ганц юм маань хэл шүү дээ.
-Та даяаршлыг эсэргүүцдэг хүн бололтой?
-Яг ний нуугүй хэлэхэд даяаршил гэдэг аятай юм биш. Хүлээн зөвшөөрдөггүй. Би бол унасан газартай, унах газартай хүн учраас энэ тэнд очиж хоол хороох шаардлага надад байхгүй.
-Танд тоглох юмсан гэж бодож санадаг дүр байдаг уу?
-Эмэгтэй хүн хүүхэдтэй болсноо мэдээд тийм хүүхэдтэй болох юмсан гэдэггүйтэй адил би уран бүтээлд тэгж л ханддаг. Харин би уран бүтээлчийн хувьд өтлөхгүй гэж үүрэг авч чадахгүй. Хоцрохгүй гэж үүрэг авч чадна. Найруулагч "Цэрэндагва гуай танд нэг роль оноочихлоо " гэж хэлсэн тохиолдолд сэтгэл зүтгэлээр бэлэн байхыг боддог. Нөгөө талаар жүжигчин хүн гүйцэтгэгч хүн гэдэг бол гүйцэтгэгч хүн учраас найруулагч нарыг бурханчлан шүтдэг. Найруулагч ажил өгөөгүй тохиолдолд жүжигчин ажилгүй л сууна шүү дээ.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


