| Мэдээлэл нэмсэн: 2011-04-14 |
Азийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн сүүлчийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр Японы Нагоя хотын Мизуно атлетик цэнгэлдэхэд тэмцээний "F" хэсэгт багтсан талбайн эзэн "Нагоя Грампус", Арабын нэгдсэн Эмират улсын "Ал Аин" клубыг хүлээн авч, хэсгийн сүүлийн тоглолтоо хийжээ. Сербийн туршлагатай дасгалжуулагч Драган Стояковичоор удирдуулсан "Нагоя Грампус" тоглолтын эхнээс л санаачлагыг гартаа авсан байна. Удаа дараалсан ширүүн довтолгоонууд нь Араб хаалгачийг ихээхэн сандаргаж байсан бөгөөд 27 дахь минутад Япон довтлогч Му Каназаки нэгэн гоёмсог гоолоор тоглолтын тооны харьцааг нээжээ. Удалгүй дахин Каназакигийн довтолгоо амжилт олсон юм. 47 дахь минутад тэрбээр Арабын хаалганд дахин мөргөж гоол орууснаар багийнхаа давуу байдлыг бататгасан юм. Эхний хагаст өөр гоол ороогүй. Харин хоёрдугаар хагасын 61 дэх минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг "Ал Аин"-ы хамгаалагч Кейта аюулгүй болгож чадалгүй өөрийн хаалганд гоол оруулж, багийнхаа итгэл найдварыг үгүй хийсэн гэхэд болно. Улмаар 77 дахь минутад "Нагоя"-гийн довтлогч дээр Араб хамгаалагч Ал Саади алдаа гаргаснаар улаан карт авч, талбайг орхисон юм. Харин чөлөөт цохилтыг Жүнго Фүжимото гүйцэтгэсэн нь амжилттай болж, 4:0 харьцаагаар "Нагоя Грампус" талбай дээрээ хожил авчээ.
Хэдийгээр Японы баг хожил авсан ч хэсгийнхээ гуравдугаар байрт дөрвөн оноотойгоор бичигдсэн хэвээр үлджээ. Иймээс хариу тоглолтоос шалтгаалж, тэд дараагийн шатанд шалгарах эсэх нь шийдэгдэх болж байна.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


