| Мэдээлэл нэмсэн: 2011-04-23 |
Шинэ дугаарынхаа зочноор "Монгол нугаралт" төвийн авьяаслаг хүүхэд, багачууд, чадварлаг багш нарыг сонгон оролцууллаа.
Дэлхийн хүмүүсийн нүдийг бүлтгийлгэдэг, байгалиас хүн болгонд заяагаад байдаггүй хосгүй нэгэн урлаг бол уран нугаралт билээ. Уран нугаралтын олон олон гайхалтай охидыг бэлтгэж байгаа "Монгол нугаралт" төвийн багш, Олон улсын циркчдийн тэмцээний Гран-При шагналт эгч дүү Б.Энхцэцэг, Б.Энхчимэг болон тэдний авьяаслаг бяцхан шавь нартай нь хийсэн ярилцлагаа хүргэе!
Бяцхан нугараач охид үзэх дуртай хүүхэлдэйн киноныхоо дүрд хувирах маш дуртай
"Монгол нугаралт" төвийн хамгийн бяцхан уран нугараач нь 5-хан настай. А.Хэрлэн гэдэг.
Бидний аяллын эхний өртөө бол анхан шатанд суралцаж байгаа 5-8 насны эгдүүтэй, хөөрхөн дүү нар маань байлаа.

Хамгийн бяцхан 5 настай нугараач А.Хэрлэн
Сур: -Сайн байна уу? Юуны өмнө миний дүү нар өөрсдийгөө уншигч хүүхдүүдэд танилцуулаач!
Э.Уянга: -Би 38-р сургуулийн 4-а ангид сурдаг. Би уран нугаралтаар 5 жил хичээллэж байна.
Г.Сувдаа: -Би 3-р сургуулийн 5-а ангид сурдаг. Би 3 жил хичээллэж байна.
Г. Бүрэнзаяа: -Би 17-р сургуулийн 4-а ангид сурдаг. Би уран нугаралтаар 3 жил хичээллэж байна.
З.Халиун: -Би 4-р сургуулийн 3-а ангид сурдаг. Уран нугаралтаар хичээллээд 4 сар гаруй болж байна.
Б.Гэрэлээ: -Би 4-р сургуулийн 2-б ангид сурдаг. Нэг жил хичээллэж байна.
Л.Мөнхтуяа: -Би 4-р сургуулийн 2-б ангид сурдаг. Би уран нугаралтаар 8 сар хичээллэж байгаа
Г.Хулан: -Би "Монгол нугаралт" төвд хичээллээд 1 жил болж байна.
Э.Солонго: -Би нугаралтаар хичээллээд 1 жил болох гэж байна.
О.Гүнжинлхам: -Би төвдөө нугаралтаар хичээллээд жил гаруй болж байна.
Э.Уянга: -Би "Монгол нугаралт" төвд яваад 5 сар болсон.
Бүжинлхам: -Би анх 7 сард нугаралтаар хичээллэж эхэлсэн.

Сур: -Анх та нарт "Монгол нугаралт" төвд очиж нугардаг болооч гэж хэн зөвлөсөн бэ?
Э.Солонго: -Эмээ анх нугараач болгоё гэсэн. Би ч бас нугарах дуртай болохоор энд ирсэн.
О.Гүнжинлхам: -Ээж маань явахыг зөвшөөрсөн. Миний охин нугарах сонирхолтой байгаа бол ээж нь хорихгүй ээ. Сайн нугардаг болоорой гэсэн.
Г.Хулан: -Намайг ээж энэ төвд явуулж өгсөн. Би гэртээ нугарах гэж их оролддог байсан юм л даа. Ээж маань хараад нугараач болгохыг хүссэн байх.
Г. Бүрэнзаяа: -Намайг ч бас ээж маань энд явуулж өгсөн. Ээждээ баярлалаа.
Сур: -Нугарах гоё байна уу?
Хүүхдүүд: -Нугарах их гоё. Бид одоо анхан шатнаас нь эхэлж сурч байгаа. Сайн нугараач болохын тулд багшийнхаа үгэнд сайн орж, дасгалаа сайн хийнэ. Мөн өөрсдийнхөө үзэх дуртай хүүхэлдэйн киноны дүрд хувираад хийхээр хамгийн гоё байдаг.
Сур: - Миний дүү нар сургуулийнхаа урлагийн үзлэгээр нугардаг уу?
Хүүхдүүд: -Тийм. Багш урлагийн үзлэг болохоор миний охин нугарна шүү гэдэг. Мөн манай ангийнхан "Ганц нугараад өгчих л дөө" гээд байдаг. Тэгэхээр нь заримдаа нугарч өгдөг, заримдаа дараа нугарч өгье гэдэг. Найзуудыгаа "Хамт нугархгүй юм уу?" гэхээр "Айгаад байна" гэдэг ш дээ. Уг нь айгаад байх юм байхгүй, харин ч гоё байдаг.

Бяцхан нугараач охид үзэх дуртай хүүхэлдэйн киноныхоо дүрд хувирах маш дуртай
Сур: -Нугарахад өвддөг үү?
Хүүхдүүд: -Эхэндээ их өвддөг байсан. Одоо бол өвдөхгүй ээ. Анх сунгалт, тэнцвэрийн дасгал хийхэд жаахан өвддөг байсан. Эгч нарыгаа нугарч байхыг хараад хурдхан л мундаг нугардаг болохыг хүсдэг.
Сур: -Та нар нугаралтаас яг ямар дасгалыг нь хийх дуртай вэ?
Л.Мөнхтуяа: -Хамгийн гоё нь моост унах. Цаашдаа их зүйл сурнаа. Манай багш нар хүнд хэцүү зүйл тохиолдоход "Миний хүүхдүүд ялагдаж сурч байж ялна" гэж үргэлж сэтгэлийн дэм өгдөг. Багшаа, их зүйл зааж өгсөнд баярлалаа.
Б.Гэрэлээ: -Уран нугаралт маш гайхамшигтай урлаг. Багш нараараа маш их бахархдаг.
З.Халиун: -Энэ хугацаанд гаран дээрээ тогтож сурсан. Би ирээдүйд маш сайн уран нугараач болохыг хүсдэг. Хоёр багшаа их хүндэлж, хайрлаж явдаг.
Г. Бүрэнзаяа: -Миний хувьд "давхар зубнек" гэх техникийг маш сайн эзэмшихийн тулд шаргуу хичээллэж байна. Хэдийгээр энэ техник маш хүнд хэцүү ч гэсэн өөртөө их итгэлтэй байгаа. Хоёр багшдаа хайртай шүү!
Э.Уянга: -Хамгийн гоё нь моост. Багш нар маань бидний хувцасыг оёх гэж их шаргуу ажилладаг болохоор багш нартаа их баярлалаа. Тэд үнэхээр хайрламаар сайхан хүмүүс.
Г.Сувдаа: -Багшийнхаа заасан болгоныг сурч байгаа. Тийм болохоор бүгд л их гоё санагддаг.
Сур: -Тэмцээн уралдаанд оролцож байв уу, дурсамжтай мөчүүдээсээ хуваалцахгүй юу?
Г. Бүрэнзаяа: -Дурсамжтай гоё мөчүүд зөндөө олон байгаа. Одоо сандраад орж ирэхгүй байна. "Цэцгэн шүүдэр" уралдаанд бас хүүхэлдэйн театрын тоглолтуудад оролцож байсан маань их гоё санагддаг.
Сур: -Хоёр багшдаа хандаад юу гэж хэлмээр байна вэ?
Хүүхдүүд: -Хүнд хэцүү зүйл тохиолдох бүрд багш нар маань бидэнд сэтгэлийн дэм өгдөг. Бид багаараа маш олон тэмцээнд оролцож байсан. Тэр болгонд багш нар маань бидэнд хувцас хийлгэж өгдөг. Хоёр багшдаа хандаж хэлэхэд "Та нар бидний хоёр дахь ээж минь шүү, маш их баярлалаа, хайртай шүү" гэж хэлье!
Дараагийн өртөө бол мэдээж гүнзгий шатанд суралцаж байгаа буюу мэргэжлийн жүжигчнээр бэлтгэгдэж байгаа нугараачид юм. Эд бол дугуйлангийнхаа бяцхан нугараачдад биечлэн үлгэр дууриалал үзүүлж яваа охид юм.




Сур: -Сайн байна уу? Юуны өмнө миний дүү нар өөрсдийгөө уншигч хүүхдүүдэд танилцуулаач!
Т.Тамир: - Би 4-р сургуулийн 8-а ангид сурдаг. Уран нугаралтаар 4 жил хичээллэж байна. Уран нугаралтаар хичээллэх маш сонирхолтой байдаг. Цаашдаа уран нугаралтаараа явах болно. Үеийнхэндээ хандаад "Өөрийнхөө мөрөөдлийг зорилготой байлгаарай" гэж хэлье!
Н.Намуун: -Би 5-р сургуулийн 7-д ангид сурдаг. Би уран нугаралтаар 5 жил хичээллэж байна. Багш нар маань үргэлж биднийг "Сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй, хожигдож сурч байж хожно" гэж хэлдэг. Гэр бүлийнхэн болон багш нартаа баярлаж явдаг шүү.
Д.Учралбаяр: -Би 44-р сургуулийн 9-д ангид сурдаг. Уран нугаралтаар 4 жил хичээллэж байгаа. Хамгийн сайхан зүйл нь биеэ зөв авч явж сурдаг. Ер нь бол их сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг шүү дээ. Уран нугаралт бол Монголын гайхамшиг, дэлхийд байхгүй .
Б.Маралзаяа: -48-р сургуулийн 8-а ангид суралцдаг. Би уран нугаралтаар 3 жил хичээллэж байгаа. Уран нугаралт хүнийг бүх талаас нь их сайн төлөвшүүлж өгдөг гэж боддог. Ер нь л бусад урлагаас их онцгой бөгөөд эрхэмсэг шүү дээ.
"Монгол нугаралт" төвийн багш, нугараач Б.Энхчимэг, Б.Энхцэцэг: УРАН НУГАРАЛТЫН ТӨЛӨӨ АМИА Ч ӨГӨХӨД БЭЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА ДАА

Б.Энхцэцэг 1989 онд Гавана хотноо болсон ОУ-ын циркчдийн тэмцээний үеэр өөрийн багш АЖ, Төрийн соёрхолт Б.Норовсамбуугийн хамт
Сур: -Сайн байна уу? Танай хүүхдүүдтэй ярилцах сайхан байлаа. Одоо тантай яриагаа үргэлжлүүлье. Өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Биднийг Балтавын Энхцэцэг, Энхчимэг, Лхагвацэнд гэдэг. Бид Монголдоо анхдагч гэгдэх эгч дүү гурван уран нугараачид. Хаана ч явсан гурвуулаа л нугардаг байлаа. Нугаралт гэдэг бол төрөлхийн авьяас. Бид гурав Монгол улсын ардын жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу багшийн ууган шавь нар. Манай эгч циркт маш дуртай байсан юм л даа. Тухайн үед орон нутгаар явуулын цирк их явдаг байсан даа. Аавыг дагуулаад л "Цирк үзье" гээд явчихдаг байсан гэсэн. Жаахан байсан болохоор тээр доор нугарч байгаа хүн харагдахгүй болохоор аавын мөрөн дээр сууж байгаад үздэг. Эгч маань гэртээ бага зэрэг нугардаг байсан. Тэгээд аавыг "Та намайг нугаралтын багшид шалгуулаад өгөөч" гэж их гуйдаг байсан гэж ярьдаг. Нэг удаа Б.Норовсамбуу багш манай нутагт ирээд тоглолтоо хийж байхад аав эгчийг маань шалгуулсан гэдэг. Тэр үед эгч маань 6 настай байсан болохоор "Арай нас нь бага байна. Том болохоор нь авч ирээрэй. Хүүхдэд чинь байгалиас заяасан авьяас байна" гэж хэлсэн гэнэ лээ. Тэгээд 8 нас хүрээд Норовсамбуу багшид шавь оруулсан даа. Багш ч тэр үед залуухан, шавьгүй байж л дээ. Эгч маань ийм мундаг хүний анхны шавь нь болсондоо их баярлаж, багшаараа үргэлж бахархаж явдаг. Тэгээд намайг ээж аавд "Би Энхчимэгийн нугараач болгоно" гээд 4 настай байхад багшид очоод "Манай дүүд та нугарахыг зааж өгөөч" гэж гуйсан юм билээ. Тэгээд л би нугардаг болсон доо. Ингээд бодоход 4 настайгаасаа хойш эгчээсээ салаагүй юм байна шүү.

1996 онд Данийн Конпелгаген хотноо Арена циркт тоглож байх үеийн эгч дүү Б.Энхцэцэг, Б.Энхчимэг
Сур: -Танай төв хэзээ байгуулагдсан бэ, төвийнхөө талаар яриач?
-Манай "Монгол нугаралт" төв 2009 онд байгуулагдсан. Уран нугаралтын урлагийг эзэмшиж, хөгжүүлэх, хүүхдүүдийн авьяасыг нээж өгөх зорилгоор төвөө байгуулсан. Одоогийн байдлаар 30 гаруй хүүхдүүд манай төвд суралцаж байна. Улс эх орондоо уран нугаралтыг хөгжүүлэх, мэргэжлийн чанартай номероор дэлхийд Монгол улсаа сурталчилах, өсвөр үеийнхнийг ирээдүйн чанартай боловсон хүчнээр бэлдэх, бэлтгэгдэж байгаа хүүхдүүдээ мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн жүжигчид болгоход гол зорилго маань оршдог. Бид нэг баригдмал хэв маягаас гарч, үзэгчдийг татахыг хүсч ажилладаг. Нэг номерийг хийхдээ олон талаас нь бодож үздэг. Хүүхэлдэйн кино болон үлгэрийн баатруудын дүрд хүүхдүүдээ хувиргавал хүүхэд ч хийхэд сонирхолтой, хүн үзэхэд залхахгүй, хүртээмжтэй байлгахаар сонгосон.
Сур: -Нугаралтын хичээлээ хэрхэн заадаг вэ?
-Өөрсдийн биеэр эдэлж, туулсан мэргэжлийн чанараа заадаг. 5-6 настай хүүхэд хүчний дасгал хийхэд сэтгэлзүйн хувьд бэлтгэгдээгүй байдаг. 1-2-р ангид орсны дараа, өөрөөр хэлбэл 8-аас дээш настай болсноор юмыг хүлээж авах нь арай өөр болдог. Бид гараа яаж тэнцүүлэх, хэрхэн тогтох зэргийг ухаанд нь суулгаж өгдөг.
"Бараг айл болгоны хүүхэд нугардаг" гэж хүмүүс ярьдаг. Энэ нугараад байгаа хүүхэд чинь 4-5 жил жүжигчин болохын тулд бэлтгэл сургуулилтыг шаргуу хийж, техникээ эзэмшдэг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Мөн багш нар хүүхдүүдийнхээ биеийн жинг тооцоололгүй дээр нь давхарлуулдаг. Үүнээс болж хүүхэд гэмтдэг, үүнийг үнэлэх үнэлгээ байхгүй. Улс, эх орноос үүн дээр анхаарч үзэх хэрэгтэй. Нугаралт гэдэг бол Монголоос гаралтай. Нугаралтыг хөөмий, уртын дууны хэмжээнд аваачихын тулд мэргэжлийн багш нар зөвлөлдөж байгаад энэ төвийг байгуулсан юм. Төвөө байгуулахаас өмнө бид их ажигласан. Одооны төвүүд хүүхдийн биеийг маш их эвдэж байна, хүчний дасгал их хийлгэдэг. Хүчний дасгал хийхэд барилдахтай дүйцэхүйц хүч гаргадаг. Үүнийг зогсоож, энэ урлагийг сэргээхийн тулд ажиллаж байна. Миний хувьд "манай багш хатуу, яанаа" гэж боддог байсан боловч одоо л хүүхдүүдэд зааж эхлээд багшийнхаа зовлонг ойлгож байна. Хүүхдүүдээ эрхлүүлэх үедээ эрхлүүлж, загнах үедээ загнадаг. Ингэж байж л хүүхэд юм сурна. Уран нугаралт болон эх орныхоо төлөө амиа ч өгөхөд бэлэн ажиллаж байна даа. Биднийг гэмтэхэд Норовсамбуу багш маань үүрээд л эмнэлэг рүү гүйдэг байж билээ.
Дэлхийн гайхамшигтай энэ нугарлатыг багш маань бид нарт зааж, бид хүүхдүүддээ зааж өгөөд үргэлжлүүлээд л, өвлүүлээд л явж байна. Энэ их авьяас, хөдөлмөрийг багш маань бид гуравт өвлүүлсэн. Багшийгаа урт удаан наслаасай гэж бодож явна даа. Бид нарт багшаасаа сурах зүйл одоо ч гэсэн их байгаа.

Багш Б.Энхцэцэгийн охин Б.Аминхишиг, ээжтэйгээ адилхан удмын нугардаг. /4 настайдаа/
Сур: -Яагаад нэг айлын гурван охин нугарах болов. Юу нөлөөлсөн бэ, танай гэр бүлд нугардаг хүн байсан уу?
-Манай ээж аав хөдөө байдаг байлаа. Аав маань хилийн заставт ажилладаг байсан. Аав ээжийн маань талд нугардаг хүн байсан гэсэн. Тэгэхээр гень байгаа болоод л нугараад явж байгаа байх. Гэхдээ нэг айлын гурван хүүхэд нугараад явж байна гэдэг ховорхон тохиолдол.
Гадаадад эмэгтэй хүн бол хүүхэд гаргавал нугарахаа больчихдог. Харин Монголд хүүхдээ гаргасан ч гэсэн нугарсаар л байдаг юмаа. Манай эгч хүүхдээ гаргаад 14 хоноод л тэмцээнд явж байлаа. Одоо бид хүүхэд гаргаад жин нэмээд байгаа ч гэсэн бидэнд авьяас маань байж л байдаг. Байгалиас заяасан авьяас болохоор алдагддаггүй. Зүгээр харж байгаад заах биш адилхан л хийдэг. Хүүхдүүдтэйгээ уралдана. Дунд нь ороход өөрөө нугарч байгаа юм шиг их гоё мэдрэмж төрдөг.
Сур: -Улсаас та бүхнийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Энэ тал дээр анхаараасай гэж бодож байна. Хүсэл зорилготой байгаа хүүхдүүдийг дэмжээд өгвөл Монгол улсын нэрийг амжилттай гаргана гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Сур: -Уран нугаралтын ач холбогдол нь юу вэ?
-Нугаралтаар хичээллэсэн хүүхэд хүлээцтэй, төлөв даруу, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, боловсон, биеэ зөв авч явдаг зан чанарыг өөртөө авахаас гадна бие галбир сайтай болдог. Мөн бид ганц нугаралтын хичээл заадаггүй. Тайзны алхаа, бүжиг, харилцааны хичээлүүдийг давхар ордог.
Сур: -Таны бахархал юу вэ, гэр бүлд тань та гурваас өөр нугардаг хүн бий юу?
-Миний бахархал бол миний аав ээж, гэр бүл. Миний аавын төрсөн дүүгийн хүүхэд бас нугардаг. Манай хоёр эгчийн, эрэгтэй дүүгийн хүүхдүүд бас энэ урлагт бэлтгэгдэж байна. Мөн багш маань бидний бахархал. Өөрийнхөө тэр их авьяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө олж авсан бүхнээ бидэнд уйгагүй зааж сургаж, өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж ажилладаг нийслэлийн 4-р сургуулийн захирал Ш.Батцэнгэл, хүүхдүүдийнхээ эцэг эх, багш нарт баярласан, талархсанаа хэлмээр байна.
Хүүхдүүд та бүхэн уран нугаралтаар хичээллэхийг хүсвэл манай төвд хандаарай. Бидэнтэй холбогдох утас: 9601-8465, 9574-9991
Авьяаслаг суралцагчид маань ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан чадварлаг мэргэжилтнүүд болохын тулд одооноос эхлэн шаргуу хичээллэцгээж байна. Тэдний цааш цаашдын тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилт хүсье!
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


